| | USD/MNT 0₮
Монгол Улсын Баатар-Монголын Ардчилсан Холбоо өнөөдөр Улаанбаатар паласын их танхимд Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжаа гардуулан өглөө. МоАХ нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан. Батламжийг МУ-ын баатар-Монголын Ардчилсан холбооны дарга, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн биеэр гардуулж, гишүүд журмын нөхөдтэйгээ дурсгалын зураг татуулж баяр хүргэсэн юм.
Тэрбээр "Энэ өдрийн амгаланг айлтгая. Тэмцэж олсон эрх чөлөө, ардчилсан тогтолцоо ямархуу байдалд байгааг шүүн тунгаах гэж байна. Монголын Ардчилсан холбооны гишүүдээ та бүхний босгосон ардчилсан тогтолцоо эрсдэлд орсныг зүгээр харж суухааргүй болжээ. Хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын индекс улам бүр суларч, авлигын индексээрээ 180 гаруй орны 110 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаагаас эргэлзээтэй ардчилалтай дарангуйллын элемент бүхий улс хэмээн тооцогддог болжээ. 1-т Монгол Улсад чөлөөт ардчилсан сонгууль явагдаж чадаж байна уу. Хоёрт иргэд эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаж байна уу. Гуравдугаарт хараат бус чөлөөт хэвлэл үйл ажиллагаагаа явуулах орчин Монголд байна уу. Дөрөвдүгээрт шүүх бие даасан хараат бус байж хуулийн засаглалыг хэрэгжүүлж чадаж байна уу. тавдугаарт хувийн өмч төрийн өмч хамгаалалтад байж хөрөнгө оруулалт улстөрөөс ангид байж чадаж байна уу. 7-т Үндсэн хуулиараа нийт ард түмний өмч гэж тунхагласан газрын баялагийн хүртээмж тэгш шударга хувиарлагдаж байна уу. Иргэд эх орныхоо эзэн байж баялагаасаа хүртэж чадаж байна уу. Иргэд тэгш боловсрол эзэмшиж төрийн үйлчилгээг жигд хүртэх боломж бидэнд байна уу гэх мэт маш олон эргэлзээтэй асуудлууд байна. Нэг намын дарангуйлалыг эсэргүүцэн тэмцэж, та бүхний тэмцэл аажмаар бүдгэрч эхэллээ. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг бүрэн дүүрэн хийж чадахгүй байна. Дайчин тэмцэгч шинж чанараа алдаж байна. Ардчилсан намын нөхдөө, журмын нөхдөө бид өөрчлөгдөхгүй, манлайлахгүй бол ардчилсан тогтолцоо маань нэгэнт эрсдэлд оржээ. Ардчиллыг сэргээн тунхаглах, ардчиллыг тордохоос өөр зам бидэнд үлдсэнгүй" гэлээ.
Дашрамд дуулгахад, МоАХ-ноос шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж, Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.
XX зуунд Монголчууд гурван томоохон хувьсгалт өөрчлөлтийг туулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаагаа бататган бэхжүүлсээр ирсэн билээ. Цагаан морин жилийн хувьсгал буюу 1980-аад оны сүүлээр өрнөх болсон өөрчлөлт шинэчлэлийн давалгаа 1990 онд Монголын мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэн, дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлтийг шаардсан цоо шинэ дуу хоолой болон түгж, олон ургалч үзэл санааг уралдуулан энх тайванч замаар Ардчилсан хувьсгалийг өрнүүлэн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, сэргээн тунхагласан түүхтэй. Монголын залуусын өрнүүлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Нэг намын дарангуйллыг халж, ард түмний гарт эрх чөлөө, үүрэг хариуцлага, хувь заяаг нь хамтад нь атгуулсан юм. Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийг цагаатгаж, үндэсний үзэл санаа, соёл уламжлалыг сэргээж, санагалзах эрхгүй байсан эх түүхээ сэргээн шинээр харж, тунгаах эрхтэй болсон билээ. Хувийн өмчийг зөвшөөрч, зах зээлийн чөлөөт харилцааг хөгжүүлж, Монгол улс даяаршсан дэлхий ертөнцийн нэг хэсэг болсноор аль ч улс оронд зорчих, ажиллаж амьдрах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан, хөдөлмөрийн мөлжлөггүй шударга хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан юм. Энэ бүх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг шаардан тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбоог 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнасан юм. Монголын Ардчилсан Холбоо нь өдгөө ардчиллын үйл хэрэгт залуу нас амьдралаа зориулсан ахмад үе, тэдний үргэлжлэл болох шинэ залуу гишүүдээс бүрдсэн нийгмийн хөгжлийн төлөөх институци болон өргөжөөд зогсохгүй нийгмийн үйл явц, ардчилал, шударга ёсны төлөө олон ургалч санаа, үзэл бодлыг илэрхийлэн идэвхтэй тэмцсээр байгаа монгол орны өнцөг булан бүрт салбар хороод бүхий хамгийн том бүтэцтэй олон нийтийн байгууллагын хувьд шинэ шатанд гарч хөгжсөөр байна.