| | USD/MNT 0₮

Х.Бадамсүрэн: Эрдэнэт ТӨҮГ урьдчилсан байдлаар 15 тэрбум төгрөгийн урамшууллыг ажилчдадаа олгосон

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны үйл ажиллагаа, хамт олны амжилт бүтээл, 2020 онд дэвшүүлж буй зорилт, бодлого хөтөлбөрийн талаар тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.

ШУУД ҮЗЭХ: 

-Та энэ үйлдвэрийн захирлаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Ямар асуудалд анхаарлаа хандуулж ажиллав?

-Өнөөгийн байдлын хувьд миний нэг чин эрмэлзэл бол Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байлгахад чиглэж байгаа. Миний бие тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаад гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд дээрх чиглэлээр тодорхой алхам хийж байгааг хэлье.

Үүнээс гадна “хүний шахаа” буюу танил тал, ойрын хүмүүсээ Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулдаг, мөн бараа материал шахдаг гэх яриа, хэрэв ийм явдал байдаг байсан бол арилгая гэсэн зорилготой ажиллаж байна. Түүнчлэн Эрдэнэтийнхний өмнө тулгамдаж буй цагаан тоосны асуудлыг бүрэн шийдвэрлэж, он жил дамжсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй Стандарт банкны өр авлагад цэг тавья гэж хичээсэн. Ийм  чухал, зарим нь “бараан саарал” ч гэмээр асуудлууд үйлдвэрийг  тойрсон байдаг юм.

Түүхэндээ хамгийн их хүдэр олборлож, боловсруулсан жил байлаа

-2019 онд Эрдэнэт үйлдвэр өндөр үр ашигтай ажилласан. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Бид түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсрууллаа. Мөн 2019 онд бид улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүллээ. Өмнө нь бидний улсын төсөвт оруулж ирсэн мөнгө тэрбумаар хэмжигддэг байсан бол энэ удаа их наяд руу шилжүүллээ. 2016 онд манай үйлдвэрт улсын төсөвт 184 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан.  Энэ бүх улсын төсөвт оруулж буй орлого бол манай хамт олны бүтээсэн үндэсний баялаг гэдгийг онцолж хэлмээр байна.

Бидний зарчим их тодорхой. Бид алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон. Аль болох их үнэт зүйл бүтээж үлдээхийг бид эрхэмлэнэ. Энэ зорилтоо биелүүлж, алсын хараандаа хүрэхийн тулд таван бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, техникийн бодлого, хоёрдугаарт, технологийн бодлого, гуравдугаарт байгаль орчны бодлого, дөрөвдүгээрт санхүү, эдийн засгийн бодлого, тавдугаарт хүний нөөц,боловсон хүчний бодлого гэж тодорхой чиглэл баримтлан ажиллаж байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхэд 2020 он чухал үүрэгтэй жил болно.

Технологийн шинэ төслүүд 2023 оноос үр ашгаа өгч эхэлнэ

-Тэгвэл 2020 онд энэ амжилтаа баталгаажуулах, ахиулах ямар төлөвлөгөө дэвшүүлсэн бэ. Энэ онд ямар зорилттой ажиллах вэ?

-2020 он онцлог жил болно. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд бид зургаан төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, эхнийх нь  нөөц баялагаа өсгөх төсөл. Өнөөдөр бол Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй, 60 гаруй жилийн ирээдүйтэй гэж товч бөгөөд тодорхой хэлж болно. Энэ асуудлыг цаашид баталгаажуулах, илүү он удаан жил тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын төслөө эрчимтэй хэрэгжүүлнэ.

Дараа нь, Эрдэнэтийн овооны ордыг ил аргаар ашиглаж байна. Тийм учраас бид цаашид Ил уурхайнхаа техник технологийг шинэчлэх ажлыг хийнэ. Энэ төсөл өртөг зардлыг бууруулахад чиглэнэ. Төлөвлөж буй төслөө хэрэгжүүлснээр Ил уурхайгаас олборлож буй хүдрийн өөрийн өртгийг 10 хүртэл хувиар хямдруулах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.

Гурав дахь нь Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, зэсийн болон молибдены баяжмал үйлдвэрлэдэг Баяжуулах үйлдвэртээ өргөтгөл шинэчлэлийг иж бүрнээр хийнэ. Мэдээж, төслийн зорилго үйлдвэрлэлийн өртөг зардлыг багасган, бүтээгдэхүүний өөрийн өртгийг мөн 10 орчим хувиар бууруулна гэж тооцож байгаа.

Бид үндсэн чиглэлдээ Засвар механикийн заводыг өргөтгөх, техник технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажилладаг тус заводыг цаашид уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээг хангаж, шаардлагатай сэлбэг эд материалыг үйлдвэрлэдэг, улмаар Монгол улсын хэмжээнд машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийн эхлэл болгоно гэж төсөөлж байгаа.

Энэ онд 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлууд 4 сарын 1-нээс эхэлнэ

-Эрдэнэт үйлдвэрт чухал биш минут секунд, цаг хором гэж байхгүй. Учир нь манай үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай. Нэг минут ч зогсох ёсгүй, яг амьд организм шиг байнга ажиллаж байх ёстой. Үүний төлөө 6600 хүн өөр өөрсдийнхөө хариуцсан ажлыг Монголчуудын хэлдгээр хүн шиг хийх ёстой.

Эрдэнэт үйлдвэр хоногт 5.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулж байна. Энэ бол том үзүүлэлт. Манайхан Төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль дүрэм, мөн Засгийн газраас тогтоосон “Онцгой дэглэм”-ийн үед барих журам дүрмийг сайн биелүүлж ажиллаж байгаа гэдгийг удирдлагын хувьд хэлэхийг хүсч байна.  Үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд Ерөнхий захирал төлөвлөгөөг батлаад ажлаа үргэлжлүүлж байсан тохиолдол бий. Тэр бол амаргүй зүйл. Харин энэ жилээс Эрдэнэт үйлдвэрт засаглалын хямрал байхгүй, оны эхнээс батлагдсан төлөвлөгөөтэй хуулийн дагуу хэвийн жигд ажиллаж байна. Энэ онд  бид 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтын ажилд зориулна. Цаг хугацаа, анхаарал болгоомж шаардсан, тендерт чадавхитай зөв компанийг шалгаруулах гээд хариуцлагатай хандах олон ажил бий. Бид энэ бүхнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ. Төлөвлөсөн цаг хугацаандаа багтааж амжуулахын тулд бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Хөрөнгө оруулалт  болон  худалдан авалттай холбоотой бичиг хэрэг, гэрээ хэлцлийн ажлыг бид долдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөсөн. Энэ бол амаргүй ажил.

Саяхан Эрдэнэт үйлдвэр нэг сард 100 гаруй тендер зарласан байна гэсэн мэдээлэл цацагдсан. 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн тулд ажлын шаардлагаар нэг сард хэдэн ч тендер зарлаж болно. Магадгүй 200 тендер зарлахыг үгүйсгэхгүй.

Эрдэнэт үйлдвэр боловсон хүчнээ дотроосоо бэлтгэх менежменттэй ажиллаж байна

-Та яриандаа “хүний болон барааны шахааг”  байхгүй болгохоор ажиллаж байна гэлээ. Ах дүү хамаатнаа ажилд оруулсан, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн “шахсан”  тухай яриа тасардаггүй. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайдын дүү 500 орчим сая долларын бараа нийлүүлсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ байдлыг арилгахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Тэгэхлээр урьд өмнө жилүүдэд улс төрийн чиглэлээр ялангуяа удирдах түвшингийн албан тушаалтныг томилж байсан юм билээ. У.Хүрэлсүх сайдын толгойлсон Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж буйтай холбогдуулан надад “Удирдлагын багаа бүрдүүлэхдээ үйлдвэрийн хамт олон дотроос хамгийн шулуун шударга, зөв хүнийг мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчнийг томилж ажиллаарай. Гаднаас томилох явдал байхгүй шүү” гэсэн чиглэл өгсөн. Энэ нь тэр “хүний шахаа” гэдэг зүйл байхгүй болох боломжийг бүрдүүлсэн гэж би хэлнэ. Одоо манай үйлдвэрлэлийн цех нэгжийн дарга нар тогтвортой ажиллаж байна. Миний зүгээс нэг л шаардлага тавьдаг. Ажлаа шударга, зөв, мэргэжлийн өндөр түвшинд хий, осол авааргүй ажилла гэдэг зарчим. Үүнийг дагасан урамшууллын систем үйлчилж байна. Тухайлбал, ажил мэргэжилдээ илүү дадлагажсан, хамт олноо зөв удирддаг шалгуурт нийцсэн 40 сар бүр 600 мянгаас 1 сая төгрөг, тэргүүлэх ажилчдад сар бүр 300 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй нэг ажилтны хамгийн доод цалингийн хэмжээ 1 сая 300 мянга, дундаж цалин 2 сая 900 мянган төгрөгт хүргэлээ.

Олон нийтэд илүү нээлттэй байх нь “шилэн” мэдээллээ хүргэх үр дүнтэй боломж байх

-Хөрөнгө оруулалт худалдан авалтын ажлуудын тендер шалгаруулалтын мэдээлэл ил тод “шилэн” байж чадахгүй байгаагаас хардлага сэрдлэг их байдаг юм болов уу? Тендерийг шилэн байлгах талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-2019 оны үр дүнгээс хэлэхэд, бид зөвхөн худалдан авалтыг хуулийн дагуу явуулснаар төсөвт өртөгтэй нь харьцуулахад 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Энэ мөнгөөр олон сургууль, цэцэрлэг барьж болно. Бас уурхайдаа өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн ЭКГ-12К экскаватор 3 ширхэгийг худалдан авах, 130 тоннын даацтай  10 БелАЗ машин худалдан авах боломжтой.

13 дахь сарын цалингийн урьдчилгаа болгож 15 тэрбум төгрөгийг ажилчдадаа олгоод байна

-Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт 1 их наяд төгрөгийн орлого оруулсан гэж хэллээ. Ашиг орлого ихтэй ажилласан жилийнхээ үр дүнгийн буюу нэрлэж заншсанаар 13 дахь сарын цалинг яаж олгохоор ярилцаж байна вэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард бид дахин бүх ажилтандаа урамшуулал хүртээсэн. Энэ нь оны эхний есөн сарын ажлын үр дүнгээр тооцож олгосон 13 дахь сарын цалингийн үргэлжлэл. Шинэ оны өмнөхөн бас санхүү, эдийн засгийн бодлогын үр дүнгээс ажилтнууддаа ажлын онцлогоос нь хамааран бага зэргийн зөрүүтэйгээр дээд тал нь 800 мянган төгрөгөөр, ахмадуудаа тус бүр 200 мянган төгрөгөөр урамшуулсан. Ингэснээр манай үйлдвэрийн хувьд урьдчилаад 15 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Удахгүй бид 2019 оны үйлдвэрийнхээ тайлан балансыг нэгтгэж хэлэлцэнэ. Үүний дараа тайлан балансын үр дүнгээс тооцож бүх ажилтнууддаа 13 дахь сарын цалинг олгоно. Нөгөө талаар, 2019 онд уурхайчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн. Энэ бүгдээс харахад, урьд жилүүдэд авч байснаас илүү хэмжээний урамшууллыг 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээр авах нь ойлгомжтой байна.

Эрдэнэт үйлдвэр гадаад, дотоод ямар нэг өр төлбөргүй, “цэвэрхэн” болсон

-Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас Жаст группын Батхүүгийн Стандарт банкинд тавьсан өр буюу 40 сая долларыг төлсөн. Энэ мөнгийг Батхүүгээс гаргуулж авах асуудал ямар хэмжээнд байна вэ. Эргэж  ирэх боломж харагдаж байна уу?

-Өр авлагын асуудлыг том жижиг гэхгүй жагсаахад авлага нь Балхашмысээс авах 20 сая долларын асуудал байсан. Үүнийг бид 2019 онд бүрэн дуусгаж, 20 сая доллараа дансандаа хийж авсан. Энэ мөнгө 2020 оны бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдана. Мөн бусад өр авлагатай бүх асуудлыг шийдсэн. Харин Стандарт банкны өрийн асуудал үлдээд байв. Энэ асуудалд бид олон талаас нь судалж шинжилж үзсэн. Ер нь олон улсын шүүх тэр тусмаа арбитрын шийдвэр гарсан тохиолдолд төлөхөөс өөр ямар ч арга байдаггүй. Өөрөөр шийдэх арга байхгүй гэсэн үг. Энэ өрийн хэмжээ үндсэн өр, торгууль, хүү бүгд нийлээд 120 сая долларт хүрсэн байсан. Уг төлбөрийг хийгээгүй тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийн гадаад мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгөнд хандах, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах гэх зэрэг ноцтой нөхцөл үүссэн. Иймээс тодорхой алхмыг богино хугацаанд хийх шаардлагатай болсон тул боломжит бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэн, дээрх 120 сая долларын өрийг хэлэлцээрийн аргаар 40 сая доллар болгон бууруулж, төлсөн юм. Үүнийг болзошүй өр төлбөрт буюу “Эрсдэлийн сан”-гаас гаргаж, барагдууллаа. Энэ арга хэмжээг бид Засгийн газарт танилцуулж, холбогдох чиглэлийг авсан. Одоо бид Стандарт банкинд төлсөн 40 сая ам долларыг буруутай этгээдээс буцаан олж авахаар ажиллаж байна.

-Жастаас хохирлоо олж авахад ямар алхам хийж байна вэ?

-Буруутай этгээдээс хохирлоо буцаан олж авах асуудал шүүхийн шийдвэрээр явна. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкнаас зээл аваагүй, Жаст групп Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгснөөрөө буруутай болсон. Ингэснээрээ Жаст группийн тус банкинд төлөөгүй мөнгийг олон улсын арбитрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн нуруунд үүрүүлсэн асуудал.

-Нэхэмжлэгч талын хувьд Жаст төлөх чадвартай үгүй эсэхийг судалж үзсэн үү?

-Эрдэнэт үйлдвэрийг хохироосон хуулийн этгээд нь Жаст групп мөн гэсэн шүүхийн шийдвэр гарвал бидний ажил тодорхой болно. Гэхдээ Жаст группийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн төлсөн өр төлбөртэй бид хамаагүй гэж үгүйсгээгүй. Төлнө гэсэн хариулт өгч байгаа. Тэдний  төлөх мөнгө хөрөнгө байгаа эсэхийг шалгах чиглэлээр хуулийн байгууллага ажиллаж байгаа.

-Эрсдэлийн сангийн хөрөнгийг үйлдвэр ямар нөхцөл байдалд орсон үед захиран зарцуулах ёстой байдаг вэ?

-Эрсдэлийн санг манай үйлдвэрт, улмаар төрд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн сан гэж ойлгож болно. Энэ ч утгаараа Стандарт банкны төлбөрийн асуудлыг шийдсэн. 2019 онд Эрдэнэт үйлдвэр дотоод гадаадын аль ч банк санхүүгийн байгууллагад өргүй болсон. Эрдэнэт үйлдвэрийн талаар эмх цэгцтэй, нэг ойлголттой байгаасай. Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр, өнөөдөр, маргаашаар нэгдсэн байр суурьтай байгаасай.

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай нэгдсэн байр суурьтай байгаасай
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.