| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн татварын маргааны асуудлаар Арбитрын шүүхээр орж магадгүй

"Оюутолгой" ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, УИХ-ын байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд таван дэд ажлын хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан ажиллаж байгаа юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ "Хэд хэдэн шийдвэрлэх ёстой асуудлууд байна. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгаа асуудлыг хэрхэн зохицуулж, дотоодын эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал дээр тавих саналууд бэлтгэгдэж байна. Хоёрдугаарт, үүсээд буй татварын маргааны асуудлыг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Шаардлагатай бол Арбитрын шүүхээр орж болзошгүй. 

Мөн Монгол Улсын төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөнө. 

Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналтай байгаагаа ярьсан. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд тэрхүү хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулна гэдэг нөхцөлийг тавихаар бэлдэж байна. 

Засгийн газрын тогтоолоор орох ёстой байсан юмыг шахалтанд хорьж захирамжаар шийдсэнээс болж алдаа гарсан. Санхүүгийн тооцоолол дээр дутуу хандсан. Төр, Засгийн газраас өөрсдөдөө хэт их итгэж, бардамнаснаас болж Олон улсын хуулийн фермийн өмнө унасан ийм асуудлууд байсан. Эдгээрийг шат дараалалтайгаар шийдэх ёстой.

Түүнээс гадна Оюутолгойг Монголын талаас төлөөлж буй субъектуудыг чадавхижуулах зайлшгүй шаардлага байна. Тэдэнтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийж байгаа" гэв.

Түүнчлэн "Одоогоор манай талаас ТУЗ-ийн гуравхан гишүүн байгаа. Тэд юуны өмнө санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой. Эхлээд ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз" хэмээн онцлов.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн татварын маргааны асуудлаар Арбитрын шүүхээр орж магадгүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.