| | USD/MNT 0₮
ГЭНЭТИЙН ТОМИЛГОО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа шинэчилж, дан дээлтэй сайдуудыг “явуулж”, давхар дээлтэй сайдуудаар хүч сэлбэсэн байгаа. Гэхдээ давхар дээлтэй сайдууд дунд нь мэргэжлийн бус хэд хэдэн сайд томилогдож, ажлаа хүлээн авсан. Тэдний нэг нь олноо “Оргил”-ын нэртэй бизнесмэн Ж.Ганбаатар. Тэрбээр улстөрд маш богино хугацаанд хүчээ авч, гарч ирсэн нэгэн. Өнгөрөгч 2016 онд УИХ-ын гишүүн, 2019 онд Эдийн засгийн байнгын хорооны даргын албаар дамжаад, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдов. Яавч болохгүй томилгооны нэг бол энэ гэдгийг тухайн үед олон нийт хүчтэй шүүмжилж байсан боловч одоо мартжээ.
Уг нь тэр Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн нэг наймаачин хүн уул уурхайг удирдана гэхээр хэний ч багтахгүй. Яагаад гэвэл Монгол Улсын хоёр дахь том нөөц болох уул уурхай хэмээх стратегийн том салбарыг удирдана гэдэг амаргүй, хүнд салбар. Сайд болох үедээ Ж.Ганбаатар “Би сайд болохоо хүлээн зөвшөөрсөн. Уул уурхайн салбарт бүхий л хүчээ дайчлан ажиллана. Төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллаж, улс эх орны эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэж ярьсан байдаг. Хэлэх нэг өөр, хийж хэрэгжүүлэх нь бас нэг өөр.
САЛБАРАА МЭДЭХГҮЙ САЛБАДАЙ "САЙД"
Засгийн эрхгийг бүрэн атгаж буй МАН-ын эрх баригчдаас, намаас нь томилчихсон сайдыг одоо яах билээ. Гэхдээ түүнийг олон ажил хүлээж байгаа. Уул уурхайн салбарт тулгамдаж байгаа олон асуудал бий. Тэдний нэг бол малчдын бэлчээрийн асуудал, уул уурхайн лиценз, гацаанд байгаа Газрын тос нэрэх үйлдвэрийн ажил, зах замбараагүй олгогдсон лицензийн наймааг цэгцлэх гэх мэт олон ажил урагшлах уу, ухрах уу гэдгийг Ж.Ганбаатар болон түүний удирдаж байгаа салбарынхан мэднэ. Угтаа бол хүчээ дайчилж ажиллана гэсэн сайдаас нэг их юм хараад хүлээгээд хэрэггүй байх. Магадгүй өөрт ашигтай байдлаар буюу уул уурхайн лицензийг чихэр шигээ худалдаад зараад явахыг үгүйсгэхгүй. Түүний хувьд сайдын тамга барьж үзэж, өөрт давуу байдал үүсгэж, худалдаа наймааны эрх ашгийн нүдээр улсаа худалдах вий гэсэн болгоомжлол ч байгааг нуухгүй, бас үгүйсгэхгүй. Ашиглаагүй хөрөнгө нөөц болох орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нэрийдлээр зараад ашиг хараад олоод явчихвал яана вэ гэсэн айдас бий. Өнөөдөр улс орны эдийн засгийн ноён нурууг тулж байгаа ганц салбар бол уул уурхайн салбар. Бүр тодотговол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэсэн үндсэн гурван тулах цэг дээр манай улсын эдийн засаг оршин тогтнож байгаа гэдэгтэй хэн маргах юм. Угаасаа уул уурхайн салбарыг удирдаж, улсын эдийн засгийг авч явна гэдэг “Оргил” сүлжээ том дэлгүүр ажиллуулахтай адилгүй.
САЛБАРЫГ БОДОЖ ТОМИЛГОО ХИЙДЭГГҮЙ Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Мэргэжлийн сайдаас нь салбарыг нь авч, мэргэжлийн бус сайдад тамга тэмдэгтэй нь атгуулахдаа Ерөнхий сайд юу бодов. Дахин бичихэд Ж.Ганбаатар уул уурхайн салбарт огт ажиллаж үзээгүй дээр төрийн албанд ажилласан дадлага туршлага ч байхгүй. Тэрбээр наймаачин эдийн засагч гэсэн ухагдахуунаар, мөнгөөр л улстөрд амбицтай яваа гишүүн. Аль тэртээ 1996 оноос хойш хувиараа бизнес эрхэлж, 2016 онд УИХ-д орж ирсэн хүн төр, уул уурхай, улс төрийн ажиллагаа гэсэн үндсэн гурван холбоог нэгэн зүгт атгаж зангидаж явж чадах уу. Салбарынхаа зорилго, ил тод, хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгохыг зорьж байгаа гэдгээ мэдэх үү.
Эртнээс бизнес хийж хувиа борлуулж довоо шарлуулсан хүн уул уурхайн салбарыг мэдээж бизнесийн нүдээр харж, нүхээр нь оруулж чадна. Салбараа өөр өнцгөөс харна гэдэгт итгэхгүй байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, бизнесмэн хүн. Ганзагын наймаанаас сүлжээ дэлгүүрийн бизнест орж улмаар НИХТ-өөр сонгогдсон даруйд барилгын салбар руу орсон хүн уул уурхайн салбарыг ямар нүдээр харах нь ойлгомжтой. Гишүүн болоод энэ хүний бизнес өргөжсөн үү гэхээс хумигдаагүй. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар дамжин, уул уурхайн бизнес рүү оруулж Оргилынхоо чихэр шиг зарахгүй гэх баталгаа хаа байна. Үүнийг л ашиг сонирхлын зөрчил гээд байгаа юм. Энэ тухайд хардаж сэрдэж байгаа юм.