| | USD/MNT 0₮

Мэргэжлийн бус сайд Б.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг самарна

Монгол Улсын Засгийн газар “аргална даа” гэдэг үгээр ам тагладаг давхар дээлтэй нэг шинэ сайдтай болсон. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэнг томилж, тамгыг нь атгуулсан байгаа. Тангараг өргөж, тамгаа гардаж авсан цагаасаа л хэл ам таталсан сайд гэж хэлж болно. Сэтгүүлчдийн асуусан асуултад “Аргална даа. Би гэхдээ салбартаа ажиллаж байгаагүй ч сургуулийг нь таван жил суралцаад төгссөн. Амьдралын эрхээр бизнес хийж явсаар улстөрд орсон” гэж хээв нэг ярьсан сайдад манай улс эрчим хүчний салбараа атгуулчихсан.

Монгол Улсын стратегийн чухал салбарыг толгойлж байгаа төрийн сайд хүний амнаас ийм хайхрамжгүй зальжин муухай үг гарч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.  Учир мэдэх зарим хүмүүс асуудлаа мэдэхгүй ядмаг сайдад эрчим хүчний салбараа атгуулах гэж дээ хэмээн халаглана. Хамгийн гол нь мэргэжлийн бус бизнесмэн хүн эрчим хүчний салбарыг удирдана гэдэг хэн хүний тоо толгойнд буухгүй байх. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, өнөө жил гэхэд эрчим хүчний салбарт хүндрэл гарч, тоггүй өвөлжиж магадгүй гэдгийг сайд асан Н.Тавинбэх хэлж байсан. Хот даяараа хөлдөж, харанхуй болж мэдэх нь. Ийм хүнд салбарыг хүлээж авсан Б.Чойжилсүрэнгийн амнааас “аргална даа” гэхээс өөр ямар үг гарах билээ дээ. Мөн түүнээс шинэ содон юу ч хүлээх билээ. Асуудлын ар гарах шийдэл олох нь ойлгомжтой. Гэхдээ Шинэ сэргэлтийн Засгийн газарт тэр дундаа Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнг тодорч гарч ирнэ гэж хэн ч бодоогүй, хэвлэл ч таамаглаж бичээгүй юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайдуудад нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийг харахад Б.Чойжилсүрэн байсан. Эдийн засгийн салбарт олон жил ноёлсон хүнийг яагаад Эрчим хүчний салбарт оруулав гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Нөгөөтэйгүүр олон жил төсөл нь гацаж царцсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг энэ хавар хөдөлгөсөн. Энэ төслийг хэрэгжүүлэх мөнгөний санхүүжилтийг урд хөршийн тусламжтайгаар шийдвэрлэсэн.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийг хэрэгжүүлнэ. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэр шийдвэрлэсэн. Манай талаас бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Нэг ёсондоо, Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн” гэж ярьсан. Тэгэхээр урт хугацаанд гацаад байсан 800 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтэй төсөв хөдөлсөн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах нь тодорхой болсон. Тэгвэл энэ мөнгөний талыг эрх баригч намынхан номхон тэмээг ноолоход амар гэгчээр Б.Чойжилсүрэнгээр удирдуулж, авах гэсэн нарийн аргатай байхыг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус гэх тодотголтой Б.Чойжилсүрэн “хөдөлсөн” Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг самарна гэсэн хардлага улстөрийн хүрээллийнхэн дунд мэр сэр яригдаж эхэлжээ.

Тэгвэл шинэ сайд Б.Чойжилсүрэн Ерөнхий сайдтайгаа хамт ОХУ-т албаны айлчлал хийж яваа юм байна. Тэд олон том төслийг хөдөлгөхийн тулд Оросын дэмжлэг хэрэгтэй гэх. Монгол Улс эрчим хүчний хомсдлоос гарахын тулд хүссэн хүсээгүй хойд хөрштэйгөө учраа олох ёстой. Өнөөдөр баруун хэдэн аймаг ОХУ-аас цахилгаанаа залгуулж байгаа. Тэгэхээр дэмжлэг авахын тулд хэл амаа ойлголцож ололцох хүн бол Б.Чойжилсүрэн гэж намынх нь харж байгаа ч угтаа бол мэргэжлийн бус салбартаа ажиллаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Гэхдээ хар багаасаа ганзагын наймаа хийж Оросуудтай хэл амаа ололцсон хүн ойлголцож чадах байх гэсэн их итгэл найдвар их байгааг үгүйсгэхгүй.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.