| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дан дээлтэй сайдуудаа халж, давхар дээлтэй сайдуудаар танхимаа шинэчлэн бүрдүүлсэн. Будаг нь ханхалсан шинэхэн сайдууд шинэ албандаа томилогдож, тамгаа гардан аваад удаагүй байна.
Тодруулбал, 10 шинэ сайдаар бүл нэмсэн Л.Оюун-Эрдэнэ асуудал хариуцсан нэр томъёо нь шинэ хоёр сайдаар ч нэмж хүрээгээ тэлсэн. Тухайлбал, Олимп, нийтийн биеийн тамир, спорт хариуцсан сайдаар Дархан аварга, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилж, ажлыг нь хүлээлгэн өгсөн. Нөгөө нь хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатарыг томилов. Тэгвэл яамгүй хэрнээ асуудал хариуцсан гэх энэ хоёр сайд яг юу хийх юм бэ, чиг үүрэг нь юу вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж буй.
Уг нь төр төсвөө хэмнэж, Хэмнэлтийн тухай хуулиа хэрэгжүүлж, хэт данхайсан бүтцээ танах хянах ёстой байтал ийнхүү хоёр сайд нэмэгдүүлж, төсвийн мөнгийг үр дүнгүй үргүй зарцуулахаар болсон нь олон нийтэд таалагдахгүй, шүүмжлүүлсээр байна. Иргэд рүүгээ, нийгэм, эдийн засаг руугаа чиглэсэн сайдтай болох байх гэсэн иргэдийн гэнэт хүлээлтийг дахин хөсөрдүүлж улс төрийн тохироо, наймаа томилгоо өрнөсөн.
Б.Бат-Эрдэнэ аварга олимп хариуцсан сайд болоод яг юу хийх юм бол гэдэг асуулт иргэн бүрд тулж ирсэн. Мөн Монгол улсын эдийн засгийн хүнд өнөө цаг үед ийм сайдтай байх нь зөв үү, буруу юу гэдэг олон асуулт хариулт нэхсээр. Хэрвээ Ерөнхий сайд нь мэдрэмжтэй уян хатан байсан бол ийм ач холбогдолгүй сайдуудаар бүл нэмэх шаардлага байхгүй байсан. Яагаад гэвэл алс хэтдээ ч манай улсад Олимпийн наадам зохион байгуулагдах боломжгүй. Учир нь олон улсад олимп зохиох хоригтой 20 гаруй орны тоонд Монгол Улс зүй ёсоор багтдаг юм билээ. Тэгэхээр хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимп манайд зохиогдоно гэдэг үлгэр.
Магадгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлчийн улстөрөө хийж байгаа нутгийн ахдаа албан тушаал, сайдын суудал бэлэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүнээ бодсон бол, эдийн засгаа харсан бол Ерөнхий сайд хэзээ ч ийм сайд томилохгүй байсан. Дахин хэлэхэд, Б.Бат-Эрдэнэ гишүүн спорт хариуцсан сайд хийлээ гээд энэ улсад ямар ашигтай, ач холбогдолтой бэ.
Сайд Б.Бат-Эрдэнийн хэлснээр “Спорт хариуцсан сайдтай байх ёстой, хүний хөгжил, салбарын бодлого зайлшгүй хэрэгтэй. Төр бодлогоор харах ёстой” гэж ярьсан. Тэгвэл нийтийн биеийн тамираас илүү Монголын нийгэмд эдийн засгийн нөхцөл байдал, өвөлжилт, тог цахилгаан, шатахуун, хил гааль гээд аминд тулсан өчнөөн асуудал байхад, ямар ч үр ашиггүй сайдын албан тушаалтай байх нь хэр зөв, ёсзүйтэй бэ Ерөнхий сайдаа. Хэдий Засгийн газар шинэ бүтэц бий болгож байгаа ч энэ цаг үед Олимп спорт хариуцсан сайдтай байх шаардлага байсан уу. Яамгүй хэрнээ тусгайлсан ганц сайдтай байгаад юу өөрчлөгдөх вэ. Харин ч олон нийт болон учир мэдэх эдийн засагчдын хэлж буйгаар энэ цаг үед олимп спорт хариуцсан, хот хариуцсан сайд “илүүдэл” буюу хэрэггүй гэж харж байна.