| | USD/MNT 0₮
Баянгол дүүргийн сонгогч нарт нэг тийм үнэнч чанар байдаг. Нэг УИХ-д гаргасан хүнээ дахин гаргадаг. Ардчилсан намын суудалтай амь насаа дэнчин тавьж тэмцдэг С.Эрдэнэ хэмээх эрхэмийг хэдэн жил БГД-ээсээ өвдөгийг нь шороо болголгүй өөд өөд нь өргөн дэвшүүлсэн. Харин С.Эрдэнэ ноён даварсаар өөрөөс нь хамааралгүй зүйл тухайн дүүрэгт бараг үгүй болсон. Өнгөрсөн жил амаараа шороо үмхэхэд нь олон хүн баярлаж харагдсан. Харин саяханаас дараагийн БГД-ийн засаг ноён тодроод буй нь Оргилоор овоглосон Ж.Ганбаатар бололтой. ЗГ-ын үйл ажиллагааг шүүмжилж гоншигносныхоо эцэст Уул Уурхай Хөнгөн Үйлдвэрийн Сайдын суудалд заларсан.
Түүний давуу тал мөнгөтэй, мөнгөтэй хүн өөгүй харагддаг. Нэгэн цагт “Нэвтрүүлэг голдоггүй Ж.Ганбаатар” гэж нэрлэгдэж явсан хүн өнөөдөр тэс өөр болсон. Ганзгын наймаанаас бизнесээ цэцэглүүлж, өдгөө Монголын толгой баячуудын тоонд хэдийнэ багтсан түүний тухай ямар нэг сөрөг мэдээллийг олж авна гэдэг бараг үлгэр. Дурын нэг улстөрч, улстөрч болохоор горилогчийн тухай “Гүүгл” хайлт хийхэд өчнөөн мэдээлэл гарч ирдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тухай “Гүүгл” хайлтад мань эрийг “өөлсөн” нийтлэл нэгийг ч харагдуулахгүй байж чадаж байгаагаас үзвэл овоо “мөнгө”-тэй эр бололтой. Улс төрд зүрх сэтгэлээ өгсөн хүн бол хэрийн юмыг даагаад гарах дархлаатай байхгүй бол болохгүй гэдгийг өнөөгийн бодит байдал бэлхнээ харуулдаг. Тэгвэл Ж.Ганбаатар “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч, амжилттай бизнесмен” гэх имижийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлэхийн төлөө зүтгэж байсан бол одоо зүтгэлтэй улстөрч гэсэн хэв маяг бүтээхийн төлөө “зүтгэж” байна. Аливаа хүн өндөг шиг өөгүй байна гэж үгүй. Тэр тусмаа улстөрчдөд ямар нэг өөлөх зүйл заавал гардаг. Тэд ам.доллар биш, хүн болохоор алдаа оноо байж л байдаг. Огт цэвэрхэн хүн байна гэдэг өөрөө асуудал юм. Ер нь бол мөнгөөр бүхнийг шийддэг хүн л өнгөн дээрээ өндөг мэт өөгүй харагддаг шүү дээ.
Сүүлийн үед түүний нэртэй холбоотой яригдаж буй асуудал нь 25 давхар бүхий орон сууцны зориулалттай СБД-ийн 3-р хороо буюу хуучнаар “Автобус-3” баазын хашаанд баригдаж буй барилга юм. Ж.Ганбаатар энэ газрын эзэн болсон түүх нь их ээдрээтэй. Хотын А зэрэглэлд байршилтай 2.5 га газрын үнэ жил ирэх бүр өсөх ёстой байтал эсрэгээрээ 10 тэрбум төгрөгөөр хямдруулаад худалдчихсан. Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан энэ газрыг зарах гэж өмнө нь 30 удаа дуудлага худалдаа зохион байгуулахдаа үнэ огт бууруулаагүй хэрнээ гэнэт 10 тэрбум төгрөгөөр огцом бууруулж, тэр дуудлага худалдаанд нь Ж.Ганбаатарт жирийн хоёр иргэнтэй өрсөлдөж таарсан юм. Тухайн дуудлага худалдаа болох үед Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг, “Бармон” ХХК-ийн эзэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат ажиллаж байсан юм билээ. Энэ мэтчилэн олон асуудалууд байдаг ч яах аргагүй гарцаагүй энэ хүн бол Баянгол дүүргээс тодорч буй дараагийн дархан цаазат ноёноор тодроод байна