| | USD/MNT 0₮
Сүүлийн хэдэн өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимаа шинэ гишүүдээр бүрдүүлэх гэж бужигнав. Бужигнасны эцэст хоёрдугаар ээлжийнхэн аяга халбагаа барьж дараагийн хоолондоо оров. Дан дээлтэй сайд нараасаа сайн ажиллаж байгаа зургаан сайдаа шигшиж авч үлдээд бусдыг нь сайдын албанаас буулгаж, заримыг нь өөр албанд томилсон бол заримыг нь дэд сайдаар үлдээв.
Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар санаанд оромгүй хэд хэдэн томилгоог хийжээ. Тэдний дундаас яах аргагүй анхаарал татаж байгаа хоёр томилгоо харагдав. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрт олон жил “дархлагдсан” Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн алба болох “Эрдэнэс Монгол" корпорацийн “Зэс метал” группийн даргаар томилжээ. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилох гэж байгаад больсон гэх. Х.Бадамсүрэнгийн хувьд 2016 оноос хойш тус үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хавар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарилгаар Хөдөлмөрийн баатар цол олгосон. Энэхүү цолыг олгосны дараа өндөр насны тэтгэвэрт нь гаргана гэсэн яриа улстөрийн хүрээнд нэг хэсэг явсан. Дараагийн Эрдэнэт үйлдвэрийн дарга хэн болох вэ гэсэн таамаг олон нийтийн сүлжээнд явж байгаад намжсан. Хэнийг ч томилсон бай Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хүн очих нь тодорхой. Тэгвэл Х.Бадамсүрэн тэтгэвэрт нь суулгах битгий хэл бүр албан тушаал дэвшүүлэн "Эрдэнэс Монгол" корпорацийн Зэс метал группийн даргаар томилсон нь олны дургүйцлийг хүргэж буй. Ёстой нөгөө Х.Бадамсүрэн тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон ч Монголын төр түүнээс явсангүй. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар 67 настай өвгөнөөс яг юу хүлээгээд байгаа юм бол. Яг ямар шинэчлэл хэрэгтэй юм бол гэж гайхаж байна. Уг нь Ерөнхий сайд нь залуу хүн байж Засгийн газраа залуу хүмүүсээр бүрдүүлэх ёстой байтал, тэтгэвэртээ гарсан хөгшүүлээр төрийн бүтцээ бүрдүүлж байгааг ойлгох ухаан огт алга. Яг үнэндээ бол тэтгэвэрт гарах насны хүнийг улстөрийн албан тушаалд томилж байгаа нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хууль, Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг Ерөнхий сайд эрх биш мэдэж баймаар. Хөдөлмөрийн баатар гэх сэтэртэй Х.Бадамсүрэн Монголын төрд яг юу хийхийг яаж ажиллахыг цаг хугацаа харуулах биз.
Ёндоогүй Г.Ёндон ёндоорч, “Эрдэнэт” үйлдвэрт эзэн очив
Нэг хэсэг олны хэл ам таталж “ёндоогүй” Г.Ёндон нэртэй болсон УУХҮ-ийн сайд Г.Ёндон халаагаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт өгсөн билээ. Тэрбээр дан дээлтэй байсан учир ийнхүү улстөрийн томилгоогоор ажлаа хүлээлгэн өгсөн юм. Гэхдээ тэрбээр сайдын ажлаа өгсөн хэдий ч хоосон хоцорсонгүй. Харин ч Монголын саалийн үнээ гэж нэрлэгдэх “Эрдэнэт” үйлдвэрт эзэн очив. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж, сайд асан Г.Ёндонг оронд нь томилов. Тэрбээр албан тушаал дэвшив. Аргагүй дээ, тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын дотны найз учраас ийнхүү албан тушаал ахиж байна. Г.Ёндонгийн ажлын зурхайг харахад дарга байх заяанд төрсөн бололтой. Тэрбээр Монгол Улсын зөвлөх инженер, ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжилтэй, 2002-2007 онд Монголросцветмет ТӨҮГ-ын “Бор өндөр” УБҮ-т хэсгийн маркшейдер, Ерөнхий маркшейдер, 2007-2009 онд Монголросцветмет ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн 2009-2013 онд “Шижир Алт” үйлдвэрийн захирал, 2013-2017 онд Монголросцветмет ТӨҮГ-ын Баргилт уулын Ерөнхий инженерээр ажиллаж байсан бол 2017-2018 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт уул уурхайн салбар хариуцсан сайдаар ажиллаж байгаад ийнхүү өчигдөр суудлаасаа бууж, өөр суудалд морилов. Ийнхүү өөрийн найзаараа крандуулж, даргын суудалд сууж ажиллах дуртай Г.Ёндонд Монголын төр өр байхгүй дээ. Нэгнээс буугаад нөгөөд томилогдож очдог байдал газар авсан. Нөгөө л дарга нарын татаас буюу таньдаг нүүр, танил талтай байдал энд яваад байгаа юм.
Энэ бүх томилгоог харах төрийн мерит зарчим гэж огт алга. Олон шинэ содон зүйл хүлээж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шинэ зүйл хүлээгээд ч хэрэггүй гэдгийг харж болно. Хөгшин өвгөчүүлээр засаг, төрийн бүтцээ бүрдүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хаа хүртэл явахыг нь харах л үлдлээ.
Б.Бат-Эрдэнийн сүүлчийн улстөр гэдэгт найдъя
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Шинээр томилогдсон сайд нарын дунд яам байхгүй хэрнээ асуудал хариуцсан хоёр сайд томилогдсон нь яах аргагүй анхаарал татаж, сэдэв болохоос гадна олны дургүйцлийг ихэд хүргэсэн. Тодруулбал, Хэмнэлтийн тухай хууль гаргасан хэрнээ хэрэгжүүлэхгүй байгаа төр засгийнхан дахиад хоёр сайд нэмээд ямар ашигтай юм бэ. Ерөнхий сайд шинээр байгуулагдсан хоёр сайдыг “өмөөрч” хэлэхдээ салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс бий болгож буй нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдтай байна гээд Ж.Сүхбаатарыг томилсон бол Олимпизм, спорт хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ гишүүнийг томилов. Энэ хүн яг юу хийх бэ. Монгол Улсад спортыг хөгжүүлж, Олимпийг эх орондоо зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэх үү. Ийм салбарын сайд Монголд яг ямар ач холбогдолтой ойлгоход бэрх байна. Шинэ сайдын хэлснээр “Монгол Улсын спортыг анхаарах цаг болсон” гэж ярих. Ийм сайдтай болж байхаар Аж ахуйн салбарын сайд Ус хамгаалах сайдтай болсон бол илүү байх байлаа гэж олон нийт шүүмжлэв. Энэ шүүмжлэл зөв. Дарга сайд л болж байвал хамаагүй гэж ойлгодог бололтой. Шуудхан хэлэхэд дээрх албан тушаал УИХ-д 2004 оноос хойш тасралтгүй Хэнтий аймгаас сонгогдож,18 жил улстөрд ажиллаж буй Б.Бат-Эрдэнэд л зориулагдсан гэдэг нь тодорхой. Нөгөө л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийн нэр алдартай аварга учраас дэмжлэг авч аваргадаа албан тушаал бэлэглэсэн гэх яриа ч жиг жуг гарав. Засгийн ажлыг, сайд нарыг, Үндсэн хуулийг шүүмжилж байгаа дүр эсгэсэн тэрбээр Ерөнхий сайдад хандаж “Нутгийн ахаа мартахгүй биздээ” хэмээн хандарч явсаар спорт хариуцсан сайд болов. Гэхдээ түүний хувьд сүүлийн боломж байхыг үгүйсгэхгүй. 2024 онд сонгуульд дахин нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно хэмээн тэрбээр амлаж байж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд гэх албан тушаалыг өөртөө зориулуулжээ. Үндэсний спортоосоо урваж улстөрд шарваж орж байсан аваргын хувьд энэ удаагийн томилгоо улстөрчийнх нь хувьд сүүлчийнх байх гэдэгт найдаж байна. Ирэх 2024 онд Б.Бат-Эрдэнэ аварга залуучууддаа зайгаа тавьж өгч, улстөрөөс бүр мөсөн зодог тайлах байх.
Эдгээр томилгоонуудаас харахад засаг төр нь хөгшин өвгөчүүлд өртэй мэт, тэднээр хүрээгээ тэлж, саваа дүүргэжээ. Танил тал, ар талаараа албан тушаал наймаалцах бэлэглэх тэдэнд улстөрийн мерит зарчим гэж алга. Залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ч шинэ содон зүйл хүлээгээд нэмэргүй гэдгийг эдгээр өдрүүдэд тод харав.