| | USD/MNT 0₮
Удтал хөшигний ард яригдсан шинэ сайд нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр зарлалаа. Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг олон нийт мэргэжлийн сайд нараар танхимаа бүрдүүллээ гэж дүгнэж болохоор. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдаар томилсон. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарт мэргэжлийн бөгөөд сайн менежер очиж байгаа нь Шинэ сэргэлтийн бодлого дахь боомтын сэргэлтийг ажил хэрэг болгох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж мөн хил гаалийн гацааг арилгахад томоохон ажлууд хийнэ гэж хүлээлт тавьж байна. Ж.Ганбаатарын хувьд УИХ-д хоёронтоо сонгогдсон цагаасаа хойш эдийн засаг, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж ирсэн. Тиймдээ ч УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар 2019 онд томилогдож эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулийн төсөл, тогтоолуудыг чамбай боловсруулж, батлуулахад түүний ахалсан Байнгын хорооны үүрэг өндөр.
Тэгвэл одоо уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг илүү чамбайруулж, энэ салбарыг гацаанаас гаргах үүргийг тэр Ерөнхий сайдаас хүлээлээ. Энэ тухайгаа ч тэрбээр “Уул уурхайн салбарт тулгамдаад байгаа томоохон асуудалд ханцуй шамлан орно. Хөрөнгө оруулалтуудыг сэргээж, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад төвлөрч ажиллана. Мөн энэ салбарын техник технологийг шинэчлэх шаардлагатай байна" гэжээ. Ямартай түүнд Ерөнхий сайд итгэл хүлээлгэж, уул уурхайн салбарыг гацаанаас гаргах “даалгавар” өглөө. Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй учраас хийж, хэрэгжүүлэх ажлынх нь үр дүн тодорхой хугацааны дараа харагдах биз.