| | USD/MNT 0₮
Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газарт хийгдэх томилгоо бараг эцэслэжээ. Хууль зүйн сайдаар хэнийг томилох вэ гэдэгтэй холбоотойгоор өөрчлөлт орохгүй л бол МАН-ын дээд түвшинд нэрс хэдийн зоогдож дууссан байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар шилжин ажиллахаар нэгэнт тохирсон. Өөрөө хэлбэл тэрээр албан бус “дэд ерөнхий сайд”-ын орон тоогоо албажуулж, сайд нарын сайд болно. Түүний оронд Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, С.Бямбацогт, Ш.Раднаасэд нарын нэг нь очихоор марафон өрнөж байгаа сурагтай. Хамгийн өндөр магадлалтай байгаа нь Ж.Сүхбаатар. Гэхдээ өрсөлдөгчид хоорондоо учраа олохгүй бол хөндлөнгөөс УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар ч юм уу өөр хүн очих хувилбар бас яригдаж байна.
Дан дээлтэй сайд нараас
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар албан тушаалдаа хэвээр үлдэнэ.
Ерөнхийлөгчийн фракцийн дан дээлтэй сайд нараас Уул уурхайн сайд Г.Ёндон явж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн очих тохироо хийгджээ. Соёлын сайд Ч.Номин үлдэх эсэх нь эцэслээгүй байна. Ерөнхий сайд түүнийг авч үлдэх бодолтой байгаа ч “муу ажиллаж байгаа” гэсэн тайлбартайгаар намын нөхөд нь зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Яг ийм байдлаар дэнжигнэж байгаа, үлдэх явах нь шийдэгдээгүй байгаа нэг сайд нь шадар сайд С.Амарсайхан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат шадар сайд болохоор нэлээн эрт тохирсон. Гэвч С.Амарсайханыг үлдээх асуудал сүүлийн үед яригдаж эхлэсэн, энэ тохиолдолд Ж.Мөнхбатад БСШУЯ эсвэл Соёлын яам гэсэн сонголт ойрхон үлдэх нь. Хэрвээ өөрөө голохгүй бол шүү дээ. Тэрээр УИХ-д цөөнгүй гишүүнтэй фракцийг тэргүүлж зангидаж байгаа, ямар ч тохиолдолд сайд болно гэдэг нь баталгаатай болжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын фракцийн Сангийн сайд Б.Жавхлан үргэлжлүүлэн ажиллана. бол эзэнгүй удсан Цахим хөгжлийн сайдад Н.Учралд өрсөлдөгч байхгүй байгаа бол Эдийн засгийн хөгжлийн сайдаар гишүүн Ч.Хүрэлбаатар, Оргилын Ж.Ганбаатар хоёрын нэг яригдаж байна. УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл гуравдахиа сайд хийнэ, түүнийг энэ удаад НХХ-ийн сайдаар ажиллуулахаар нам нь шийджээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар сайд болох амбиц өндөртэй байсан. Б.Бат-Эрдэнэ сайдад амжилт хүсье гэж сошиал сүлжээнд бичсэнээс үзвэл БОАЖ-ын сайдад зүтгэж байсан Б.Саранчимэг нэрээ татсан бололтой. Давхар дээл өмсч, сайд болохоор баттай тохирсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар Зам тээврийн хөгжил, Эрчим хүчний яамдын алин дээр очихоо шийднэ, хэрвээ ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзвэл “Болд төмөр ерөө”-гийн эзэн, Хангийн Төмөр замын концессын нууц ноёнтон Б.Дэлгэрсайхан хэл ам таталсан Б.Халтарын залгамж халааг авах нь ээ. Ийнхүү шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний зураг урьдчилсан байдлаар хэдийн зурагдаж бэлэн болсон, өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр эцэслэж, УИХ-аар шийдэгдэх төлөвтэй байна.