| | USD/MNT 0₮
Өчигдөр болон өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар ҮХНӨ-ийн баталсан нь олон олон асуудлыг араасаа дагууллаа.
Өнөөдрийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шинэ сайд нарын нэр цацагдаж олон нийт тэднийг шүүсээр байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь МАН дотор ямар тохироо өрнөж, хэн хэн шинэ сайд болохыг улс төрчид болон сэтгүүлч нар, ард түмэн чих тавин хүлээж сууна.
МАН дотооддоо ярьж байгаа гол асуудал нь өмнөх сонгуулиар намдаа ихээхэн мөнгөн дүнгээр хандив өргөж, намын даргаадаа дэмжлэг үзүүлдэг гишүүдийг сайд болгох аж. МАН өнгөрсөн сонгуулиар олонхийн санал авахад санхүүжилт хамгийн гол нөлөөлсөн учраас ийнхүү улс төрд буй тэрбумтан гишүүдээ сайд болгохоор зүтгүүлж эхэллээ.
Энэхүү шийдвэр нь эргээд салбараа мэдэхгүй баян, бизнесээ цэцэглүүлэх чинхүү хүсэлтэй гишүүд сайд болох том эрсдэл дагуулж байна. Тэд өдгөө намдаа дэмжлэг авч, ямар ч төрлийн санал шүүмжийг үл харгалзан аль нэг салбарын сайд боллоо гэхэд асуудлаа мэдэхгүй сандал дээр сууж тамга дарсан сайд болно.
Ингэж явсаар жилийн ойн дээр нь огцруулах асуудлыг ярилцаж дараагийн сайдын нэр зухалзаж эхлэх юм. Шинэ, баян, сайд нар ч үүнийгээ тун сайн мэдэж байгаа тул салбартаа очиж, шинэчлэл хийж, ард иргэдийн төлөө ажиллахгүй нь ойлгомжтой. Тэд зүгээр л салбар толгойлж, сайдын суудалд суусан баян сайд нар болно. Үүнийгээ дагаад өөрийн бизнесээ ч жилийн дотор цэцэглүүлж аваад сонгуулиар намдаа өгсөн мөнгөн дүнгээ хэд нугалж хүүтэй нь олоод буух дүрс зураг харагдаж байгаа юм.