| | USD/MNT 0₮

"АЖЛАА ХИЙ” жагсаалын үеэр хэлсэн амлалтаа биелүүлээгүй Ерөнхий сайдыг өөрийг нь 50 сая төгрөгөөр торгоё

Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын даргатай хамт поп аялалаа хийв. Энэ үеэр тамхи татаад хаясан хүнийг 50 сая төгрөгөөр торгодог болох хэрэгтэй гэж ам алдаад  олон нийтийн зүгээс ёжлол бас шүүмжлэлийг дагуулсан. Агуулга нь, нийслэлийнхэн хичнээн хичээв ч иргэд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясаар байгаа талаар холбогдох албан тушаалтан ярьж байгаа юм. Харин Ерөнхий сайд хариуд нь "Тэгвэл шууд 50 сая төгрөг л болгочих. Мөнгөтэй бол асуудалгүй шүү дээ" гэх аж.

Үүний дараачаас зарим залуус тамхи татаад хаяж буй бичлэгээ хийж “Данхан толгойт минь ингээд торгоорой” хэмээн сошиалаар тарааж эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ нь залуучууд тамхи татаад ил задгай хаямаар байна гэсэндээ бус иргэдийнхээ амьдралын түвшин, үнийн хөөрөгдөл, цалингийн хэмжээгээ мэдсээр байж хөрсөн дээрээ буусан юм ярих хэрэгтэйг Ерөнхий сайдад сануулж байгаа хэрэг.

Юм л бол торгоно, цагдана, нөхөн төлүүлнэ, шийтгэнэ гэсэн хуучны нийгмийн үзэл санаа эрх чөлөөний орон АНУ-ын Харвардын Их Сургууль төгссөн гэгдэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ханхалаад байгаад гайхах нь арга ч үгүй биз. Зөрчлийн хууль нэртэй нөгөө л нэг энгийн иргэдийн хэтэвчийг тэмтэрдэг хуулийг л ахиулах гээд байгаа бололтой.

Үнэндээ тэр зөрчлийн хууль бол баян тарган, эрх мэдэлтнүүдэд ямар ч хамааралгүй хууль бүх заалт, зүйл нь энгийн иргэд рүү чиглэсэн байдаг гэх шүүмжлэл дагуулдаг. Энгийн иргэнийг тамхи хаясан гээд бол яаж ийж байгаад торгоод, эсвэл хорьж цагдаад суулгаж чадах л төр маань харин албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хэдэн тэрбумаар нь хулгай хийсэн нөхдөө сүржин шалгаад толгойг нь илээд өнгөрдөг дүр зурагтай. Цагаан захтнуудын хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа албан тушаалтнууд “Том ахтай” таарамж муу, таалагдаагүй, захиалгаар ажлаагүй бол хэсэг суугаад гарж буй харагддаг. Энэ нь давраад байвал байр сууц бэлэн шүү гэсэн сануулга.

Уг нь ард иргэдийхээ хэтэвчийг сэгсэрэх биш орлоготой ажилтай болгох гэж зүтгэдэг төр засагтай байя л гэж ИРГЭД, АЖЛАА ХИЙ гэж жагссан залуус хүсдэг. Түүнээс биш хориглоно, цагдана, торгоно гэсэн шоронжсон, нэг намын үзэл баримтлал дээд цэгтээ хүрсэн, амьдрах орчин хумигдмал нийгмийг хүсээгүй байлтай.

 Хүүхэд гар хүрж болохгүй, битгий оролд гэж хориглохоор тэр зүйлрүү л улам тэмүүлдэг шиг иргэдээ дандаа торгоно, хориглож байна гээд байьал саяхан болсон “Ажлаа хий” “Өөрсдөө хэмнэ” тайван жагсаал тайван бус болж эргэж ирэх вий.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.