| | USD/MNT 0₮

Нуугдаж генерал цол хүртсэн 8 хүн дотор ТЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл нар багтжээ

Энэ жилийн наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий албан тушаалтнуудад генерал цол олгосон байна. Ингэхдээ долдугаар сарын 3-наас 8-ны хооронд хууль хүчний байгууллагын дарга, газрын дарга, сайд зэрэг нийт 8 хүнд генерал цол олгосон нь олны анхааралд хүрэв.

Хамгийн ноцтой нь цэргийн жагсаалд нэг ч удаа алхаж үзээгүй цэргийн биш хүн генерал цол зүүсэн нь хуулийн байгууллагынхны эгдүүцлийг хүргэжээ. Тодруулбал, энэ жилийн наадмаар цэргийн дээд цолыг зүүсэн 8 хүн дотор  Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл гэх хүн бий. Энэ хүн өмнө нь цэргийн байгууллагад ажиллаж байгаагүй төдийгүй генерал цолыг зүүх боломжгүй хүн гэдгийг мэдээлж байна. Иймд тэрээр цахим орчинд болон хуулийн байгууллагын хамт ажиллаж буй нөхдүүдээс нууж тус генерал цолыг хүртсэн аж. Түүнийг цол хүртсэн талаар ямар ч мэдээлэл өдийг хүртэл гараагүй.

Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагаар болон цахим орчинд 4-6 хүн тус цэргийн хүндэт цолыг олгосон гэж мэдээлж байсан билээ. Харин бид олон нийтэд ил болсноос гадна өөр хүмүүс генерал цол хүртсэн гэх мэдээллийн дагуу судалж үзэхэд, олон нийтэд цол зүүсэн гэдгээ тас нуугаад өнгөрсөн хоёр хүн байгааг олж мэдэв. Тухайлбал, Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар олон нийтээс нууцаар генерал цол зүүжээ.

Мөн энэ жил цол чимэг зүүхдээ олон нийтээс нууж, ямар нэгэн ёслол үйлдэлгүй хүртсэн гэх шүүмжлэлд өртөөд буй 8 шинэ генералыг дурьдвал:

1.    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт дэслэгч генерал цол

2.    Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ генерал

3.    Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл генерал

4.    ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав генерал

5.    Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис генерал

6.    ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин генерал

7.    ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир генерал

8.    Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нарт тус тус бригадын генерал цол олгосон байдаг.

Ташрамд дурдахад, төрийн тэргүүний зарлигаар цол, шагнал олгосон үйл явдлын мэдээллийг тухай бүрд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад байршуулдаг. Харин дээрх 8 хүнд генерал цол олгосон тухай мэдээллийг тус сайтад мэдээлээгүй өнгөрчээ.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.