| | USD/MNT 0₮
АН-ын генсек И.Мөнхжаргалыг МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгсөн байдаг. Тэгвэл шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал есдүгээр сарын 12-ны 11.00 цаг хүртэл хойшилжээ. Тодруулбал, хохирогч Д.Амарбаясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй, шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшилсон байна.
Харин шүүх хурлын үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, эрх баригч намыг шүүмжилснийхээ төлөө Эрүүгийн ялаар шүүгдэх гэж байна. Ард түмний саналаар сонгогдож, иргэдийг өмнөөс шийдвэр гаргаж, ард иргэдээ хэрхэн амьдруулахыг шийддэг хүмүүс бол эрх баригч нам. Тус намын нэр хүндийг Эрүүгийн хуулиар иргэний эсрэг ашигладаггүй юм. Эрх баригч намын нэр хүнд ямар байдаг вэ гэхээр ард түмнийг сайхан амьдруулах, тэдгээр хүмүүсийн сэтгэл ханамжаар нэр хүнд нь тодорхойлогддог.
Харин иргэн хүн эрх баригч намын нэр хүндэд халдана гэж байдаггүй. Учир нь ард түмний сонголтоор баталгаажсан байдаг. Үүсээд буй нөхцөл байдлын тухайд МАН нь АН дотоод асуудалд оролцоод байна хэмээн хийсэн мэдээллийг АН хэвлэлийн цагаар ярьсны төлөө иргэнд хэрэг үүсгэж байна. Ингэснээрээ хүмүүсийн дуу хоолойг хорино гэж бодож байгаа бол том эндүүрэл. Эрх баригч намд хандаж хэлэхэд, та бүхэн Үндсэн хуулиар тоглоод, ҮХЦ-ээр хүссэн шийдвэрээ гаргуулаад сууж байдаг завтай хүмүүс юм. Ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр ажлаа хиймээр байна. Миний тухайд шүүх дээр орж, гэм буруугүй гэдгээ нотолно хэмээн ярилаа.
Мөн АН хэвлэлийн хурлын үеэрээ МАН-ыг АН-ын дотоод хэрэгт оролцохоо зогсоо гэсэн агуулгатай зүйл ярьсан. МАН-ыг доромжилсон утгатай зүйл яриагүй гэдгээ мэдэгдлээ.
Н.Намуун