Наймдугаар сарын улс төр халуухан үйл явдал ихтэй өрнөх нь тодорхой болов. Учир нь гэвэл дан биш, давхар дээлтэй сайдуудтай байх сонгон шалгаруулалтыг эрх баригч нам дотроо аль хэдийнэ эхлүүлжээ. Сайд болохыг хүсэж байгаа гишүүдийн нэрс эхнээсээ ч тодорч эхэлжээ. Хамгийн гол нь салбараа мэддэг, салбартаа тохирох чадвартай чадварлаг хүнийг томилохыг Засгийн газрын тэргүүнээсээ хүсэж буй.
Тухайлбал, амаргүй хүнд хэцүү цаг үед гурван сайдын нүүр үзсэн Эрүүл мэндийн салбарынхан энэ удаад С.Энхболдоосоо салах нь. Дан дээлтэй түүний оронд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нэр дуулдаж эхэлжээ. Нийгмийн байнгын хорооны дарга тэрбээр өнгөрсөн цар тахлын жилүүдэд хороог ахалж ажиллаж байсан нь яах аргагүй МАН-ынхны анхаарлыг татсан байх. Тиймээс эрүүл мэндийн салбарыг М.Оюунчимэгт атгуулах болов уу гэсэн таамаглал байна. Харин сайд болчихвол хэрхэн ажиллаж чадах вэ гэдгийг олон нийт шүүгээд дүгнэх болов уу.