| | USD/MNT 0₮
Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлсэн. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт батлагдсан чухал ажил бол шинэ хотуудыг барих ажил байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр хот төлөвлөлтийг хийх, Хөшигийн хөндийд суурьшуулах нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.
Монгол Улс 1980 онд хамгийн сүүл Багануур хотыг барьсанаас хойш өнөөдрийг хүртэл шинэ хот бариагүй. Өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг шинэчлэн Засгийн газраар батлуулсан.
Төлөвлөлт батлагдсан үеэс бид инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургуудыг хийж эхэлсэн. Үүнтэй уялдуулан дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламжийн эх үүсвэрүүд, шугам сүлжээ хаана байрлах, үерийн далан, хөрсний ус зайлуулах ажлыг хэрхэн хийх зэрэг зургаан ажлын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлын зургуудыг хийсэн. Ингэснээр инженерийн зураг төсөл эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл болон төсөв гарч байна. Тухайлбал 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаж ирсэн. Хөшигийн хөндийн онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг энэ тав дахь өдрөөс эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг бид хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа. Гэхдээ маргааш шууд төрийн байгууллагууд нүүгээд эхэлнэ гэж ойлгож болохгүй. Инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байж барилга барина. Юу ч үгүй газар барилга барьж болохгүй шүү дээ. Ирэх жилээс бид бодитой судалгаа хийнэ. Төрийн байгууллагуудыг нүүлгэж ажлын байрыг нь барилаа гэхэд хаана амьдруулах, гэр бүл нь хаана ажиллах, хүүхдүүд нь хаана сурч боловсрох гээд олон асуудал бий" гэв.