| | USD/MNT 0₮

Монголын эрэгтэй шатрын шигшээ баг Дэлхийн аварга Магнус Карлсен ахлуулсан Норвегийн шигшээ багтай тэнцлээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө 4 дэх өргийн тоглолт болж Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгч багуудтай тэнцлээ.

Норвегийн шигшээ баг Италийн шатарчдыг энэ удаа бараагүй. Ийнхүү 3 дахь өрөгт тэнцээ хийсэн ч баг нь хожигдсонд дэлхийн аварга Магнус Карлсен бухимдуу байсан юм. Олимпиадын 4 дэх өрөгт Норвеги-Монгол таарч Энэтхэгт болж буй дэлхийн шатрын олимпиадын нэг онцлох тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө 1 дүгээр ширээнд дэлхийн аварга Магнус Карлсен Монгол Улсын энэ жилийн аварга, Их мастер Д.Батсүрэнтэй тоглон ялалт байгуулсан.

Монголын шатарчид Норвегиас тэнцээний оноо авч чадсан нь яалт ч үгүй бахархам амжилт билээ. Их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн тэнцээ хийж, С.Ган-Эрдэнэ хожилтой. Ингэснээр манай эрчүүд 4 өргийн дараа 2 хожил, 2 тэнцээ гэсэн үр дүнгээр 6 оноотой 45-р байрт бичигдэж байна.

Монголын эмэгтэй баг өнгөрсөн шөнө Казахстаны багтай тоглож, мөн тэнцээ /2:2/ хийлээ. Эмэгтэйчүүд 3 хожил, 1 тэнцээ гэсэн үр дүнгээр 7 оноотой дөрөвдүгээр тойргийн дараа 9-р байрт бичигдэж байна.

Тавдугаар өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 17:30 минутаас эхэлнэ.

Тав дахь өргийн оноолт: Эрэгтэй баг Чехийн шигшээ багтай оноолт таарсан бол Эмэгтэй баг Германы шигшээ багтай оноолт таарсан байна.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.