| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ 1: ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ХЭН ЮУ ХИЙВ?

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо нэлээдгүй ажлыг хийж, ажиллажээ. Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хорооноос сонгогдсон тэрбээр ерөнхийдөө Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг хангаж, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү тогтоолын хүрээнд агаарын бохирдол тодорхой хэмжээнд багассан. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  PM10 тоосонцор 57 хувиар бага, PM2.5 тоосонцор 59 хувиар бага байгаа талаар холбогдох албаныхан хэлж буй.

Үүнээс гадна угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна.  Нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай явагдаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэх аж.

Хоёрдугаарт, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгож, үерт автсан талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг хийжээ. Энэ үеэр “Хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгонд үүссэн гамшгийн хохирлыг барагдуулах, сэргээн босгох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг өрнүүлсэн. Улс, нийслэл, дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртсөн. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг. Худгууд үер буусан гол гудамжинд байрладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж ажилласан” хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан онцолж байжээ.

Гуравдугаарт, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос сэргийлэх ХЕПА шүүлтүүр бүхий 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг 11 байгууллагад хүлээлгэн өгчээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй юм. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ.

Дөрөвдүгээрт, Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулав. Тус эмнэлэг нь БЗД-ийн 9, 17, 24-р хорооны 0-16 насны 13 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Эмнэлэг нь шүд, дүрс оношилгооны кабинет, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах зэрэг хэсгээс бүрдэнэ. Мөн ЭХО болон нярайн шарлалтыг хэмжих аппарат зэрэг орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

Тавдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, бие даан ажиллаж амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардуулсан аж. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, бие даан ажиллаж амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж хамтарч ажиллах ёстой” гэлээ.

ЦУВРАЛ 1: ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ХЭН ЮУ ХИЙВ?
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.