| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд энджээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн осол гэмтэл, унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран мэдээлэл өгсөн билээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Должинхоролын хэлснээр "Усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд эрсэджээ. 6, 7, 8-р сард гадаа халуун болж, аялал амралт зугаалга эхэллээ. Эцэг эхчүүд нэг хормыг ч битгий алдаасай, хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлээсэй. Мөн ирэх маргааш Мойлтын тохойд "Үрсээ үер усны аюулаас хамгаалъя" нээлттэй өдөрлөг болно. Энэ үеэр усны ослоос яаж урьдчилан сэргийлэх, живсэн хүнд анхны тусламжийг яаж үзүүлэх мөн яаралтай арга хэмжээг цаг алдалгүй хэрхэн яаж авах талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгнө" гэсэн юм. 

-УСАНД ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийх хэрэгтэй.

-УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

-Түргэн тусламжийн багийг дуудах

-Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах

-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах

-Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах, осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх

-Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн амруу хоёр удаа амьсгал өгөх шаардлагатай.

Он гарсаар усны ослоор дөрвөн хүүхэд энджээ. Тиймээс гол усны ойр орчим аялж зугаалахдаа үр хүүхэддээ тавих хараа хяналтаа маш сайжруулахыг цагдаа болон онцгой байдлын газраас анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.