| | USD/MNT 0₮

Депутатууд ҮХНӨ-ийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Эрх баригч нам болон бусад улс төрийн хүчнүүд ҮХНӨ оруулах асуудалд санал нэгдэж, тунхаг бичигт гарын зурсан. Харин 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэд өнгөрсөн пүрэв гаригт уулзалдаж, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Эрх баригчид гурван жил ч болоогүй дахин Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно гэж үзжээ. Депутатууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, цаашлаад ҮХНӨ оруулах асуудал өндрөө авбал улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхээ мэдэгдсэн байна.

Депутатуудын уулзалтаас гарсан мэдэгдлийг хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын 43 депутат, Улсын бага хурлын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, сүүлийн үед нийгэмд эрчимтэй яригдаж эхлээд байгаа "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх" саналын талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна. Үүнд,

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, иргэн төр хоорондын зөвшилцлийн гэрээ болсон, иргэний эрх, эрх чөлөөг тунхагласан, хувийн өмч хөрөнгөтэй байхыг баталгуужуулсан Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг сонгуулиас сонгуулийн хооронд, гурван жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль дээдлэх ёсыг умартсан, хууль эрх зүйт ёсыг нийгэмд төлөвшүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно хэмээн үзэж "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй" байгаагаа нийтэд мэдэгдэж, албан ёсны мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль бус үйл явцыг зогсоохыг мэдэгдсэн "Шаардлага" бичгийг Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын дедутатууд, УБХ-ын гишүүд хэдийгээр өндөр настай болсон боловч Ардчилсан Үндсэн хууль, таягаа гартаа барьж ард нийтийн хамт ҮХНӨ-ийг эсэргүүцэн улс төрийн суулт хийх, цаашлаад өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ. 

УИХ энэ долоо хоногт түр завсарлан, бүх гишүүн тойрогтоо ажиллана. Учир нь, өнгөрсөн пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг  тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын гишүүд зургадугаар сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдийн санаа бодлыг сонсох юм.

Нийтдээ дөрвөн агуулгын хүрээнд 11 сэдвээр иргэдийн саналыг сонсоно. Иргэдээс асуух 11 сэдэвт сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын чадавхыг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах тоог нэмэх /давхар дээлтэй сайдын тоог нэмэх/, төрийн сүлдийг өөрчлөх, цаазын ялыг бүрмөсөн халах зэрэг асуудал багтаж байгаа юм. Хэрэв иргэд сонгогчдын олонхи нь дээрх асуудлыг дэмжвэл ҮХНӨ оруулах хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй.  Гишүүд тойрогтоо ажилласны дараа санал дүгнэлт нэгтгэгдэнэ. 

Эх сурвалж:Itoim.mn 

Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын дедутатууд, УБХ-ын гишүүд хэдийгээр өндөр настай болсон боловч Ардчилсан Үндсэн хууль, таягаа гартаа барьж ард нийтийн хамт ҮХНӨ-ийг эсэргүүцэн улс төрийн суулт хийх, цаашлаад өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.