| | USD/MNT 0₮

Австри улсад эхнэртээ үнэтэй үл хөдлөх хөрөнгө авч өгсөн Н.Золжаргалыг удахгүй шүүнэ

 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны банкуудад бага хүүтэй зээл олгосон, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх хавтаст хэргийг он удаан жил шалгаж байна.

Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн Прокурорын Газраас түүнд яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Одоогоор түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн тов удахгүй гарах ажээ.

АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ “Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин худалдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссан” талаар мэдээлсэн юм.

Дээрх газрын шалгалтаар Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болжээ.

Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорийн газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт байгаа аж.  Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутгаж шалгах нь зөв юм.

Ийнхүү хэдэн жил Монголбанкны хувь заяаг атгаж явсан эрхэм эрүүгийн гэмт хэрэгтэн болж шүүхийн танхимд яллагдагчаар суух нь тодорхой болов. 

 

О.Гал 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.