| | USD/MNT 0₮

С.Мөнхбат: Баяр наадмын хуулийг хэлэлцэхдээ “МАНАЙ СУМ, МИНИЙ ДҮҮ” гэсэн явцуу үзэл гаргаж байна. Ингэж болохгүй

Монгол Улсын Үндэсний баяр, наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын үндэсний бөхийн аварга С.Мөнхбат байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Монголчуудын аж амьдралыг ёс уламжлал тал бүрээс нь эргэн харахад бидний өвөг дээдэс маань өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрхэм нандин зүйл бол Монгол соёл, ёс заншил байдаг. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд монголчуудын оруулсан нэг гайхамшиг бол мөн л соёл, ёс уламжлал, нүүдэлчдийн ёс заншил байдаг. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад 2010 онд “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д Монгол наадмыг бүртгэсэн бөгөөд эрийн гурван наадамд үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харвааг бүртгэж, соёлын өв болохын хувьд уламжлалт байдлаар хадгалж явах үүргийг манай улс хүлээсэн байна.

Манай улс нүүдэлчин Соёл иргэншлээс Суурьшмал соёлд шилжээд 1 жараныг үдэж байна. 1960 –аад оноос эхлэн Монголчуудын амьдрал хотжих хэв маягт шилжсэн бөгөөд өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд 1.6 сая хүн сууришмал амьдарч байна. Энэ үед бид Монголын уудам сайхан тал нутаг, соёл ёс уламжлал, нүүдэлчин соёл, эрийн гурван наадмын ач холбогдлын сайн сайхан талыг хүүхэд залуусдаа мэдүүлэх үүрэг бидэнд тулгарч ирээд байгаа юм.

Саяхан цахим сүлжээгээр нэг мэдээлэл гарч байсан 2020 онд хийсэн нэгэн судалгаагаар Монгол улсын талаар ямар ойлголттой байдаг вэ ? гэсэн дэлхийн 36 улсын иргэдийг оролцуулсан асуултад хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь Монгол гэж ямар улс байдгийг мэддэггүй, 20 хувь сонсож байсан хэмээн хариулжээ.

Харин Монголын хүүхэд залуусаас Монгол наадам, соёлын талаар асуувал яах бол... Бид Монгол өв соёлоо хүүхэд залууст, Дэлхий нийтэд таниулж чадахгүй байгаагийн нэг жишээ энэ юм. Үүнд би Монгол улсын аварга хүний хувьд их харамсаж явдаг.

ЯГ ОДОО: Монгол Улсын Үндэсний баяр, наадмын тухай хуулийг хэлэлцэж байна. Би ажиглахад манай аймаг, манай сум, миний дүү гэсэн явцуу ойлголт явж байна уу гэж харсан. Энэ бол биш ээ. Монгол наадам, өв соёлоо хүүхэд залуус, дэлхий нийтэд хэрхэн таниулах сурталчлах гээд олон олон зүйлийг харж энэхүү хуулиа батлах хэрэгтэй юм. Энэ нь цаашлаад манай улсын үндэсний маш олон эрх ашигийг хамгаалж байгаа гэдгийг бодож, хууль баталж буй хүмүүс хариуцлагатай хандахыг хүсч байна.

Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байдаг. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм. Монгол бөхийн цол чимэг ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй бөгөөд 11 дүгээр зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэж, 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр цол олгож байсан түүхтэй.

Мөн үндэсний бөхийг дагасан хоол унд, хувцас хэрэгсэл, эр хүний жудаг, ёс зүй гээд олон олон зүйлийг Монгол бөхөөс харж уламжлал, соёл болгон хэрэглэж ирсэн түүх Монголчууд бидэнд байна.

Яг одоо Монгол улсын хэмжээнд 30,000 гаруй залуус үндэсний бөхөөр барилдаж, ажил хөдөлмөр эрхэлж, Монгол өв соёлоо тээн явж байна. Энэ хүмүүсийн зөвхөн 1 хувь улсын цолтой бөх байдаг. Цаашид Монгол бөхийн соёлоо авч явах, эдгээр хүмүүсийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зөв шударга хөгжүүлэх, сурталчлах гээд олон олон зүйлийг бодолцох хэрэгцээ бас байна. Тэгж байж Монгол бөх, өв соёл маань хөгжиж үеийн үед бидний бахархал, уламжлал болон үлдэх учиртай.

Сурын харвааны хувьд Хүннү гүрний үеэс эхлэлтэй хавчаахай нумыг сайжруулж, ан агнуур, цэрэг дайны зориулалтаар ашиглаж улмаар эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй юм. Монгол моридын хувьд ярьвал зөндөө олон түүхийн баримт байдаг. Монголчууд нийтийн он тооллоос өмнө морийг анх гаршуулан унаж хэрэглэсэн түүхийн олдвор, хадны бичээс дээрээс харагддаг. Манай эриний өмнө Хүннүгийн үеэс мориороо уралдаж эхэлсэн бөгөөд цаашлаад найр наадамд морь уралдуулах уламжлал тогтсон байдаг. Түүхийн явцад хурдан морины удам угшил гаргаж эхэлсэн бөгөөд түрүүлсэн морины эзэн нутаг усандаа алдар нэртэй болж хөгжсөөр энэ нь Монгол соёл, уламжлал болтлоо хөгжээ. Хурдан морины тухай дуу, аман зохиол ихээр гарч нүүдэлчин Монголчуудын салшгүй нэг хэсэг болж, адуу мал, түүний дотор хурдан адуу эзнээ баярлуулж цаашлаад төрсөн нутаг усаа алдаршуулж, үүнийг дагасан морины тоног, хувцас хэрэгсэл, худалдаа, аялал, холбоо тээвэр, хоол хүнс зэрэг үйл ажиллагаа хөгжиж ирсэн түүхтэй байна. Монголын ард түмэн адууг үе үеийн төрийн сүлдэндээ залж, таван хошуу малын дотроос онцгойлон дээдлэн шүтэж ирсэн бөгөөд дундаж зууны үед морин дэл дээр дэлхийн талыг эзэлж явсныг түүх гэрчилдэг.

Иймд бид Монгол гэх ондоошил, биднийг таних соёлын талаар баталж буй Үндэсний баяр, наадмын тухай хуулиндаа нухацтай хандахыг хүсч байна. Үүнийг хөгжил талаас нь харж, хүүхэд залуусдаа сурталчлан таниулах бидний өв соёл, үүрэг юм.

 

С.Мөнхбат: Баяр наадмын хуулийг хэлэлцэхдээ “МАНАЙ СУМ, МИНИЙ ДҮҮ” гэсэн явцуу үзэл гаргаж байна. Ингэж болохгүй
Ярилцлага

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.