| | USD/MNT 0₮

Найман жилийн хугацаанд “хөндөгдөх” ёсгүй Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Эрх баригчид буюу МАН-ынхны найруулгатай, сөрөг хүчнээр удирдуулсан эцэг хуулинд гар хүрэх ажил ил далд ид өрнөж, намуудын дунд хэлэлцүүлэг шатандаа явж байна. Үндсэн хуулийг өөрчлөх шинэчлэх, хэлэлцэхийг ард түмэн мэднэ. Үндсэн хууль бол ард түмнээс санал авч баталдаг. Харин ард түмэн энэ өөрчлөлтийг хүсч байгаа юу. Одоогийн нөхцөлд эрх баригчдад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байна. Заавал гишүүдийн тоог нэмэх ёстой юу.  

Тэд энэ удаагийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, парламентын гишүүдийн тоог сонгуулийн тогтолцоогоор нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, Төрийн сүлдний хэв хийцийг өөрчлөх, давхар дээлтэй байх гэх мэт хэд хэдэн өөрчлөлтийг хийх. Хамгийн аюултай нь энэ удаагийн ҮХНӨ-өөр хүн биш нам сонгодог болно. Гишүүдийг тоог нэмж 150 болгоно. Сонгуульд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг ард түмэн танихгүй мэдэхгүй, хүний нэр биш нам дугуйлна. Тэгэхээр харь элэгтэн ч нэр дэвшиж ард түмнийг төлөөлж төрд сонгогдох “хар” боломж бүрдэх аюул нүүрлэнэ. Ард түмний өмч мэдлээс Ардын намын мэдэлд очих замыг л Үндсэн хуулиар засчих гээд байгаа учраас олон нийт, улстөр судлаачид, зарим нэг УИХ-ын гишүүд, гишүүн асангууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, өнөө цагт Үндсэн хуулинд өөрчлөлт хийх зохимжгүй. Тэгээд ч хуулиа зөрчиж болохгүй гэдгийг хатуухан сануулж байна. Ингээд гурван жилийн өмнө “хөндөгдсөн” Үндсэн хуулинд дахиад өөрчлөлт оруулах эсэх талаар хэн юу хэлсэн бэ гэдэг нь нийгэмд ихээхэн анхаарал татаж байна. Ард түмнээс 11 сэдвээр санал авна гээд байгаа. Үүнийг иргэд эсэргүүцэж санал өгөхгүй байх бүрэн боломжтой.  

Ц.Даваасүрэн:Төрийн эрх мэдэл ард түмний гараас нам руу шилжих гээд байгаа учраас жижиг намууд өөрчлөлтийг хүсч байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэж буй. Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст өгч, муу нэртэй улстөрчдийг оруулж ирэх гэж байна. Өөрчлөлтөөр жижиг намууд оролцоотой байх юм ших харагдаж байгаа боловч үнэндээ тийм биш. МАН л эрх мэдлээ улам нэмэгдүүлнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хууль санаачлагчдын өргөн барьсан төсөлгүйгээр ямар нэг төсөл хийж болохгүй гэж байгаа. Өнөөдөр тийм хууль санаачилж өргөн барьсан зүйл байхгүй. Ард түмнээс хэлэлцүүлэг хийх нь ч журмаар зохицуулагдаагүй. Хууль зөрчих гээд байна. Өнөөдөр Үндсэн хуулиараа төрийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Ард түмэн өөрийн сонгосон төлөөлөөр төр барина. Төрийн эрх ард түмний гараас нам руу шилжих гээд байна. Үндсэн хууль эрх мэдлийн дээд эрэмбэ гэтэл үүнийг өөрчлөх гээд байна. Үндсэн хуулинд өөрчлөлт хийсэн бол 8 жил хөндөхгүй байх хуулийн зохицуулалт бий” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:Гишүүдийн тоог нэмэгдүүлбэл, татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монголд дарга нарын тоо цөөдөөгүй. Гишүүдийн тоог нэмэгдүүлбэл, татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэнэ. Дарга нар энэ улсад цөөдөөгүй. Харин дарга нарын ур чадвар мэдлэг, туршлага, тавигдах шалгуурыг өндөрсгөх ёстой. Энэ өнцгөөсөө хүмүүсийн мэдлэг ур чадварыг чанаржуулах тухай ярих хэрэгтэй. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр дарга нарын тоог улам нэмэхийг би хувьдаа дэмжиж чадахгүй” гэжээ.

Н.Жанцан:Үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнолын баталгаа, эрхзүйн үндэс болдог нийгмийн гэрээ

Хөдөлмөрийн баатар, хуульч Н.Жанцан “Үндсэн хууль бол аливаа улсын гол хууль байдаг. Монгол Улс шинэ нийгэм байгуулахаар Үндсэн хуулийг тун амжилттай баталсан байдаг. Хууль дээдлэх соёлтой байж тухайн улс хөгждөг. Үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнолын баталгаа, эрхзүйн үндэс болдог нийгмийн гэрээ юм.

Ж.Мөнхбат:Иргэд ҮХНӨ хийх хэрэггүй гэвэл хуулийн төсөл боловсруулагдахгүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлгүйгээр хэлэлцэж байгаа асуудал биш. Иргэдийнхээ санал бодлыг сонсъя гэдэг шийдлийг гаргаж гэж байгаа юм. Иргэд ҮХНӨ хийх хэрэггүй гэвэл ҮХНӨ-ийн төсөл боловсруулагдахгүй.

С.Бямбацогт:УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ҮХНӨ-өөр мэдээлэл авч санал солилцоно

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталжээ.  УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулснаар хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх эсэх гэсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд 11 сэдвээр ард иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд энэ сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэл өгч, иргэдийн саналыг авах юм.

Гишүүн асан Г.Уянга:Ардын нам нийгмийн гэрээний нэг том оролцогч болохоос Үндсэн хууль өөрчлөх субьект биш

30 жилийн өмнө Үндсэн хуулийг Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 460 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баталж байлаа. Тэрнээс хойших өөрчлөлт бол дан нэг намын ноёрхлын үед батлагдаж байна. Нийгмийн гэрээг нэг л нам өөрчилж байгаа нь зарчмын хувьд буруу юм. Ардын нам бол энэ нийгмийн гэрээний нэг том оролцогч болохоос Үндсэн хууль өөрчлөх субьект биш юм. Үндсэн хуулийг сонгуулийн өмнө өөртөө тааламжтай байдлаар өөрчилдөг хууль биш. Энэ бол хөдлөшгүй нийгмийн гэрээ. Нийгэмд үүсээд байгаа асуудлаа уг үндсээр нь олж харахгүйгээр сонгуулийн байдлаар харж болохгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ард иргэдэд мэдлэг мэдээлэл сайн өгөх ёстой.

Улстөр судлаач Д.Ганаа:Үндсэн хуулийг “хүчиндэж” өөрчилдгөө болих хэрэгтэй

Монголын ард түмэн тоглоом тохуутай боллоо. Сонгуулийн хуулийг сонгууль болгоноор өөрчилж байсан. Одоо байтлаа хоёр жил бололгүй Үндсэн хууль руугаа халддаг болов. Сөрөг хүчин гэж байхгүй болж, эрх баригчид Монголын ард түмнийг хүчиндэж байна. Гурван жилд Үндсэн хуулиа өөрчилнө гэж юу гэсэн үг юм бэ. Бид нар энэ хуулийг өөрчилж болохгүй гэдгийг хэлэхээрээ нэг хэлсэн. Гэвч бүх хэвлэлийнхнийг худалдаж аваад магтан дуулуулсан. Одоо юу нь болохоо байчихаад дахиад өөрчлөх гээд байгаа юм бэ. Яагаад гэвэл эд нар улсаа удирдаж чадахаа байчихжээ.

Иргэн Д.Лхамжав:Одоогийн 76 гишүүнээ яаж тэжээе гэж байхад юун 150 гишүүн бэ

Гишүүдийн тоог нэмнэ гэдгийг эсэргүүцэж байна. Одоогийн 76 гишүүнээ яаж тэжээе гэж байхад юун 150 гишүүн бэ. Тэгээд ядаж байхад тэд нар нь хуралдаандаа суухгүй, гадуур тэнээд яваад л өгнө. Гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь эрх баригч нам дотор зөрчилтэй байна гэсэн үг. Баахан улс УИХ-ын гишүүн болох гээд байгаа хэрэг. Ерөнхийдөө хуйвалдаан яваад байна гэж харж байгаа. Манай улсад төлөвшсөн нам алга. Нам нэр зүүсэн, дандаа захиалгаар бий болсон намууд ихэнх нь байна. УИХ-д суудалгүй, санал авдаггүй намуудыг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг байх хэрэгтэй.

И.Мөнхжаргал:Одоо цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж болохгүй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “АН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурь баримталж байгаа вэ гэхээр ҮХНӨ-өөр ямар өөрчлөлт хийх гэж байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эс дэмжих асуудлаар нийт гишүүдээсээ санал асуулга авахаар боллоо. Бидний авсан мэдээллээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг нэмж тусгаж өгөх, Төрийн сүлдийг өөрчлөх гэх мэт ийм хэлбэрүүд орж ирэх юм байна. Ард түмэн соргог байх ёстой. Төрийн сүлд өөрчлөх нь эрх баригч намын башир арга гэж хардаж байна. Ардуур нь ямар зүйл өөрчлөх гэж байна вэ гэдэгт анхааралтай байхгүй бол. Ажлын хэсэг байгуулагдаж эрдэмтэд судлаачидын хэлэлцүүлгийг хийнэ. 200 мянган хүнтэй намыг төлөөлж болохгүй. Хувь бодлоо хэлэхэд ҮХНӨ-ийг хийх цаг үе бишээ. 

Гурван жилийн өмнө өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг дахин “хөндөх” хуулийн заалт байхгүй, эрх баригчдаа

Өнгөрсөн 2019 онд буюу ердөө гуравхан жилийн өмнө эрх баригч МАН-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал намуудын зөвшилцөл, бүх ард түмний санал асуулга гэх мэт олон олон дамжлага, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой. УИХ-д суудалтай намууд тохиролцсон л бол өөрчлөлт хийдэг зүйл биш. Тэгээд ч хуулиндаа бол Үндсэн хуулинд өөрчлөлт хийсэн бол найман жилийн хугацаанд дахин өөрчлөх боломж зүйл заалт байхгүй. Та нар хуулиа зөрчөөд хуулиа өөрчлөөд гар хүрчихвэл, Үндсэн хуулийн зарчим алдагдаж, тусгаар улсын чинь туурга “цоорно”.

Хамгийн гол нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлт зайлшгүй чухал уу, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л өнөөдрийн тулгамдаж байгаа олон асуудал шийдэгдэх үү гээд олон асуултад эрх баригчид хариулт өгнө үү.

Гишүүдийн тоог нэмэхийг иргэд эсэргүүцэж байна

Үндсэн хуулийг өөрчлөх нь МАН-ын захиалга уу, эсвэл ард түмний хүсэл үү гэдэг асуудал урган гарна. Гэвч ард түмэн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна, харин ч эсэргүүцсэн юм. Тодруулбал, АСУ.МН сайтын редакциас “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжих үү” гэсэн санал асуулга явуулахад, асуулгад оролцсон иргэдийн олонхи буюу 80 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байв. Тэгэхээр ард түмэн хүсэхгүй байх нь тодорхой. Эрх баригч нам хууль зөрчин, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар сонгох хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоо бий болгохоор санаархаж буйг иргэд эсэргүүцээрэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэж буй. Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст өгч, муу нэртэй улстөрчдийг оруулж ирэх гэж байна. Өөрчлөлтөөр жижиг намууд оролцоотой байх юм ших харагдаж байгаа боловч үнэндээ тийм биш. МАН л эрх мэдлээ улам нэмэгдүүлнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хууль санаачлагчдын өргөн барьсан төсөлгүйгээр ямар нэг төсөл хийж болохгүй гэж байгаа. Өнөөдөр тийм хууль санаачилж өргөн барьсан зүйл байхгүй. Ард түмнээс хэлэлцүүлэг хийх нь ч журмаар зохицуулагдаагүй. Хууль зөрчих гээд байна. Өнөөдөр Үндсэн хуулиараа төрийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Ард түмэн өөрийн сонгосон төлөөлөөр төр барина. Төрийн эрх ард түмний гараас нам руу шилжих гээд байна. Үндсэн хууль эрх мэдлийн дээд эрэмбэ гэтэл үүнийг өөрчлөх гээд байна. Үндсэн хуулинд өөрчлөлт хийсэн бол 8 жил хөндөхгүй байх хуулийн зохицуулалт бий” гэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.