| | USD/MNT 0₮

Эрх баригчид Үндсэн хуульд “гар хүрэх” ажиллагаагаа Сөрөг хүчнийхнээр “удирдуулж" байна

Улс төрийн намууд нэгдэж Үндэсний их баяр наадмаас өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Энэ асуудлыг ард иргэд болон зарим улстөр судлаачид эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийсэн. Тодруулбал, ард түмнийг "хүчиндэж" хүчээр эрх, боломж авах дуртай МАН-ынхан энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг сөрөг хүчнийхнээр удирдуулж, "гар хүрэх" гэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө өөрчлөлт оруулж байсан эцэг хуулиндаа дахиад өөрчлөлт оруулах нь хэнд ашигтай, юунд хэрэгтэй вэ гэдэг нь илт байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, парламентын гишүүдийн тоог сонгуулийн тогтолцоогоор нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хэд хэдэн гол мессежүүдийг бэлтгэл болгосноо ил, далд зарлах болсон.

Ялангуяа сөрөг хүчнийхэнтэй нэгдэж, энэ удаад Үндсэн хуульд “гар хүрэх” гэж байгаагаа улс төрийн намуудын зөвшилцөлд хүрснийг илэрхийлж байна. Тодруулбал, МАН-ынхан өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчлөлтийг хийхээр "тохиролцжээ". Өчигдөр гэхэд улстөрийн намууд нийлж нэгдэж, өөрчлөлт оролцож хамтарч ажиллахаар болсон талаар мэдээлэл хийсэн. 

Улс төрийн намууд өчигдөр Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргаж, улс төрийн “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл уг “тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, нэмэлт өөрчлөлтөд санал нэгдлээ. Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээд хагас жил болж байна.

Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийгдэнэ. Улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөж, хэрэгжүүлж ажиллана гэдэгт санал нэгдсэн. Ингээд парламентад суудалтай АН, ХҮН намын төлөөлөл нэмэлт, өөрчлөлтөд оролцож, хамтарч ажиллахаар боллоо” гэв.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Улс төрийн намууд чухал үйл явдалд оролцсон өдөр боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тоон судалгаанд үндэслэсэн мэдээлэл хийлээ. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлаад 30-аад жил болж байна.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл юм. АН бол парламентыг төгөлдөржүүлэх чиглэлд ямагт хамт байдаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилд ард түмний төлөөллийн хувьд идэвхтэй оролцох болно. МАН бол Ази дахь улс төрийн ууган хүчин. Үндсэн хуулийн босгыг давах боломж бүхий 62 гишүүнтэй учраас бид дэмжиж байгаа" гэжээ. 

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Д.Доржханд “Парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл 2022 он гараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай. Үүнийг төрийн эрх барьж байгаа олонхийн бүлэг шийдэх боломжтой. Иймээс ард иргэдтэй жагсаал хийж, тодорхой шаардлага тавьсан. Нийт 200 мянган иргэнтэй нүүр тулж уулзсан. Иргэд дэмжиж байна. Иргэдээс санал авах ажлыг 21 аймаг, дүүрэгт үргэлжлүүлээд хийж байна. Залуучууд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа.  МАН хүний эрхийг дээдлэх заалтууд тусгах санал оруулж байна. Үүнийг дэмжиж байна" гэж мэдээлэл хийсэн нь улстөрийн намууд нийлж нэгдэж, зөвшилцөлд хүрснийг илтгэж буй. 

Үндсэн хууль бол ард түмнээс санал авч баталдаг. Харин ард түмэн энэ өөрчлөлтийг хүсч байгаа юу. Одоогийн нөхцөлд эрх баригчдад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байна вэ. Цар тахал гээд хамгийн хүнд цаг үед эрх барьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр сайдаа томилж чадахгүй өдийг хүрсэн. Үүний хамгийн том шалтгаан нь гурван жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөхөд хийсэн “давхар дээл”-ийн асуудал. Ерөнхий сайд болон түүнээс гадна дөрвөн гишүүн нь давхар дээлтэй байх бөгөөд бусад нь дан дээлтэй байхаар өөрчилсөн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч энэ зарчмаар байгуулагдаад ажиллаж байгаа. Гэвч "давхар дээл"-ийн асуудлаас болоод УИХ-ын гишүүд нь сайд болох хүсэл, Засгийн газрын бүтэн байдал эрх баригчид дотор талцал үүсгэсэн. "Давхар дээл”-тэй сайд болох гэсэн хүсэл, фракциудын тэгш хуваарилалт гээд МАН-ын дарга, Ерөнхий сайдын толгойны өвчин болсон. Одоо ч хоёр шинэ яамныхаа сайд нарыг томилж чадахгүй, зарим сайд нар нь давхар хашсаар явна. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гээд ямар хэрэгтэй вэ. Ард түмэн дэмжвэл хуулийг нь өргөн барина гэсэн мэдээллийг Д.Тогтохсүрэн дарга хэлж байсан. Тэгвэл ард түмэн эцэг хуулиар оролдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч илэрхийлсэн. Ард түмний нэр барьж, сөрөг хүчнийхнээр "могой бариулж" байгаа эрх баригчдад Үндсэн хуулийг өөрчлөх хүсэл сонирхол цаашлаад Ерөнхийлөгчийн эрх ашиг ч явж байна гэсэн хардлага нийтийн дунд байгааг нуухгүй ээ. 

Улс төрийн намууд нэгдэж Үндэсний их баяр наадмаас өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Энэ асуудлыг ард иргэд болон зарим улстөр судлаачид эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийсэн. Тодруулбал, ард түмнийг "хүчиндэж" хүчээр эрх, боломж авах дуртай МАН-ынхан энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг сөрөг хүчнийхнээр удирдуулж, "гар хүрэх" гэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа юм
Улс төр

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.