| | USD/MNT 0₮
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир болон Б.Энхбаяр нар санаачилсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажлын хэсгийн ахалж, Д.Цогтбаатар, Д.Ганбат гишүүд ажилласан юм.
Хууль санаачлагч гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Б.Энхбаяр гишүүн хэлэхдээ: "Манай хуулийн шударга ёсны механизм эрүүгийн процессын хууль байдаг. Процесс эрүүл байвал хүнээс үл хамаарах механизм бүрдэх юм. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол яллах, нотлогдохгүй бол цагаатгах шийдвэр гаргадаг. Гэтэл манайд гурав дахь буюу мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж ирсэн. Үүний уршгаар олон хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэрэг замхруулдаг, алга болгодог, хуулийнхан өөрсдөө авлигаждаг, хонгил үүсгэдэг болсон гэж үзсэн.
Тиймээс хэргийг тулгаж, эрүүдэн шүүдэг, удаан хугацаанд мөрдөн байцаалтад байлгаж, магадгүй авлигаждаг механизм бүрдсэн гэж үзсэн. Тиймээс хуулийн мафитай хуулиар тэмцэх ёстой гэдэг утгаар энэ хуулийг баталлаа. Ингэснээр цаашид хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс л мөрдөн байцаалтад буцна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас буцахгүй. Бүх нотлох баримт цугларчээ, хууль ёсны эрх нь зөрчигдөөгүй байна гэж үзсэн хэргүүд л цаашдаа шүүх рүү шилжинэ. Ингээд нотлох, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчим, эрхзүйн орчин бүрдэж байна" гэлээ.
Б.Энхбаяр: Хэрэг мөрдөн байцаалтад буцдаг нь хуулийнхны авлигажсан, хонгил үүсгэсэн