| | USD/MNT 0₮

С.Гэрэлмаа:10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин товлолоор хийж байна

Цар тахлын давтамж улам ойртсоор байгаа өнөө үед манайхан коронавирусийн дархлаажуулалтын зөрүүтэй ойлголтоос болоод вакцины үнэ цэнийг огоорох хандлагатай болжээ. “Ковид-19”-ийн болон бусад вакцинжуулалтын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.  

-Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдэг. Манайд өдгөө хэчнээн төрлийн өвчний эсрэг товлолын болон улирлын дархлаажуулалтыг хийж байна вэ?

-Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулийнхаа хүрээнд үндэсний товлолын дагуух вакцинуудыг үнэ төлбөргүй хийдэг. Заавал хийх дархлаажуулалтад 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин багтдаг. Үүнд сүрьеэ, халдварт саа, гепатит В, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаанбурхан, гахай хавдар, улаанууд зэрэг халдварын эсрэг вакцинуудыг товлолын дагуу хийдэг гэсэн үг. Үүн дээр нэмээд сайн дурын үндсэнд иргэдийг томуу, коронавирус, ротавирус зэрэг халдварын эсрэг дархлаажуулалтад улирлаар, байнга гэхчлэн хамруулж байна.

-Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг өнгөрсөн сард тэмдэглэсэн. Манай улсад төдийгүй олон улсад ч цар тахлын нөлөөгөөр товлолоор хийдэг вакцины хамрах хүрээ хумигдсаар байна. Коронавирус дэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд товлолт вакцин хийх үйл явц хэр тасалдав?

-Харамсалтай нь улс орон бүрт шахам “Ковид-19”-ийн нөлөөгөөр ердийн дархлаажуулалтын хөтөлбөрүүд тасалдсан. Зарим оронд товлолын дархлаажуулалт хүртэл мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Манайд харин харьцангуй бага нөлөөлсөн. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хугацаанд цар тахалтай байсан ч товлолт вакцинуудын хамрагдалт 90 гаруй хувьтай хэвээр. Эрүүл мэндийн салбарынхан халдварын үед хамгийн их дайчлагдсан ч Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, хүүхэд бүрт хүргэхийг хичээж байгаа нь сайн үзүүлэлт.

-Цар тахлын дараа дэлхий дахинд дархлаажуулалтыг ямар арга, хэлбэрээр зохион байгуулж буй юм бол?

-Коронавирус бүрэн намжаагүй хэдий ч дархлаажуулалтын хуучин хөтөлбөрүүд хэвийн явагдана гэдгийг эрдэмтэд хэлж буй. Ийм хөтөлбөрүүдийг хүн амд дархлаа тогтоох замаар тэдний эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд олон арван жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн. Дархлаажуулалтын хөтөлбөр тасалдах нь ирээдүйд тухайн халдварт өвчний дэгдэлт гарах эрсдлийг л нэмэгдүүлдэг. Жишээ нь, манайд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарсан. Энэ нь уг өвчний дархлаажуулалт үүнээс өмнө тасалдсантай холбоотой.

-Коронавирусийн вакцины нөөц одоо ч хангалттай байгааг ЭМЯ мэдээлсээр буй. Халдварын шинэ хувилбарууд нэмж бүртгэгдсээр байгаа энэ үед вакцины үр өгөөжийн талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Аливаа вакцин нь хүний биеийн дархлааны тодорхой хэсгүүдийг өдөөж, өвчин үүсгэгчид өвөрмөц санамж бий болгох зорилгоор бүтээгдсэн байдаг. Коронавирусийн вакцин олон төрөл байгаа боловч вирусийн гадаргуугийн уургийг кодлох замаар л гаргаж авсан. Тэрхүү уураг нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөснөөр дархлааны санамж үүсгэдэг гэсэн үг. Уг санамж нь тухайн эмгэг төрөгч биед орж ирмэгц дархлааны урвалыг ажиллуулж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Хэдийгээр коронавирус мутацад орж, шинэ хувилбарууд нь бүртгэгдсээр буй ч вакцины нөлөө одоо ч үр дүнтэй хэвээр байгааг дэлхийн олон судалгаа харуулсаар байна.

-Сармагчны цэцэг өвчин өнөөдрийн байдлаар 12 улсад бүртгэгджээ. Уг халдварын шинж тэмдэг 2-4 долоо хоног буюу энгийн ханиадыг бодвол удаан үргэлжилж буй талаар ДЭМБ анхааруулсаар байна. Эл өвчний талаар НЭМҮТ-өөс иргэдэд хэрхэн сэрэмжлүүлэг хүргэж байгаа вэ?

-Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг. Сармагчны вирусээр үүсгэгддэг, ихэвчлэн Баруун болон Төв Африкт бүртгэгддэг өвчин юм. Халдвартай хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар, эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварлаж байна. Ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаанууд томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Сармагчны цэцэг өвчин нь уг амьтан олноор амьдардаг бүс нутагт л дэгддэг гэж эрдэмтэд “эндүүрч” байв. Гэтэл одоо АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали, Британи зэрэг нутагшмал бус 12 улс оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, ДЭМБ-ыг хуралдуулж байна. Цаашид ч тархах магадлалтай талаар таамаглах болсон.

Өдгөө нөхцөл байдлыг үнэлж, тандалт, судалгааг өргөжүүлэн, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаагаа тус байгууллагаас мэдээлсэн. Уг өвчнөөс сэргийлэх арга нь зэрлэг мал, амьтанд хүрэх, махыг нь хэрэглэхээс зайлсхийх, гараа тогтмол угааж, халдварын шинж тэмдэг илэрсэн үед эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг бид зөвлөсөөр байгаа.

Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулийнхаа хүрээнд үндэсний товлолын дагуух вакцинуудыг үнэ төлбөргүй хийдэг. Заавал хийх дархлаажуулалтад 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин багтдаг. Үүнд сүрьеэ, халдварт саа, гепатит В, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаанбурхан, гахай хавдар, улаанууд зэрэг халдварын эсрэг вакцинуудыг товлолын дагуу хийдэг гэсэн үг. Үүн дээр нэмээд сайн дурын үндсэнд иргэдийг томуу, коронавирус, ротавирус зэрэг халдварын эсрэг дархлаажуулалтад улирлаар, байнга гэхчлэн хамруулж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.