| | USD/MNT 0₮

Автобусны буудал болон явган хүний зам хааж тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.05.17/ болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд танхимаар, 25 хорооны Засаг даргын ажлын алба болон хэсгийн ахлагч нар цахимаар оролцсон бөгөөд 94 хувийн ирцтэй эхэллээ.

Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд сүүлийн долоо хоногт хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.  

15 хорооны 28 байранд дээвэр засварын ажил хийхээс 9-ийг нь Улсын комисс хүлээж авсан

Хурлын эхэнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар товч мэдээллийг өглөө. Тэрбээр “Баянгол дүүрэгт энэ онд 15 хорооны 28 байранд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт 9 хорооны 9 байрны 5022 мкв талбайн дээвэр засварын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж дууссаныг Улсын комисс хүлээн авсан. Мөн байрны фасад дулаалгын ажлын хүрээнд 9 багц ажил он дамжин хийгдэж буй бөгөөд нийт 30 байрыг дулаалах ажил шат дараатай хийгдэж байна. Явган хүний зам засвар, шинэчлэл тохижилтын ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 8 хорооны 5240.5м2 явган замыг засварлаж, шинэчилж байна” гэв.  

Мөн дүүргийн хэмжээнд 2, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны нийт 42 км шороон зам хусах, тэгшлэх ажил 60 хувьтай явж байна гэдгийг онцлоод дүүргийн хэмжээнд гарааш чөлөөлсөн газарт тохижилтын ажлуудыг хийж байна. Үүнд  нийслэлд санал оруулсан 10, дүүргийн төсөв, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх 8 байршилд тус тус тохижилтын ажил хийж байгаа бол зураг, төсөв хийлгэж байгаа 2, төсөвгүй 2 байршил байна гэв.

Дүүргийн нутаг дэвсгэрт 24 байршилд 697 гарааш буулгаж газар чөлөөлөв

Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Баянгол дүүрэгт 34 байршилд 1146 гарааш чөлөөлөхөөр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт 24 байршилд 697 гараашийг буулгаж газар чөлөөлсөн бөгөөд хэрэгжилт 60.8 хувьтай байна гэсэн мэдээллийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Батмягмар өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийн мэдээллийг хороодоос гаргаж өгсөн. Шинэчилсэн судалгааны хүрээнд 11 хорооны 31 ширхэг ТҮЦ-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байршуулсан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 гээд нийт 8 ТҮЦ-ийг албадан нүүлгэж газар чөлөөлсөн гэсэн юм.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд 11 байршилд зөвшөөрөлгүй хашаа хайс баригдсан бөгөөд тавдугаар сарын 9-ний дотор бүгдэд нь буулгах мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр нь хашаа хайсаа буулгаж газар чөлөөлсөн гэсэн юм.  

СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх судалгааг танилцуулав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар өнгөрсөн сард БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалааг байхгүй болгох, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгох талаар холбогдох арга хэмжээг авч, шийдэлд хүргэхийг үүрэг болгосон. Тэгвэл энэ ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайханы өгсөн мэдээллээр 2021-2022 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 2-5 насны 22.394 хүүхэд байгаа. Эдгээрийн 16.413 хүүхэд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 5963 хүүхэд СӨБ-ын гадна үлдсэн гэдэг судалгаа гарчээ.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны 21.609 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 4079 хүүхэд СӨБ-ын гадна үлдэх судалгаа гарсан байна. Иймд тус ажлын хэсэг БШУ-аас өгсөн удирдамжийн хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр өргөтгөх, түрээслэх, гэр цэцэрлэг ажиллуулах, 24 цагийн бүлэг болон дотоод заслаар анги засварлан бүлэг нэмэх нарийвчилсан судалгааг хороо тус бүрээр нь дэлгэрэнгүй гаргаснаа танилцуулсан юм.

 “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 15.000 ширхэг мод тариад байна

Монгол Улсын төрийн тэргүүний санал санаачилгын хүрээнд “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүрэгт хэд хэдэн байршилд мод тарихаар бэлтгэл ажлаа хангасан бөгөөд энэ ажил 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 сургууль, цэцэрлэгийн хашаанд болон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 15.000 ширхэг мод тарьсан байна. Энэ ажилд төр болон хувийн хэвшлийнхэн иргэд аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож буй бөгөөд яам агенлаг, нийслэлийн харьяаны байгууллагууд гээд өнөөдрийн байдлаар 33 байгууллага нэгдсэн. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Мод тарих ажил 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Нийт 16.000 ширхэг мод тарихаар байна гэсэн мэдээллийг “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов мэдээлсэн. Түүнчлэн "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-гээс арчилгаа усалгаа хариуцсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд дээрх ажлын хэсгийнхэн дүүргийн хэмжээнд тарьсан бүх мод, зүлгийг арчилж ургуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, тусалж ажиллана гэсэн юм.  

Татвар бүрдүүлэхэд анхаарч ажиллана

Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажлуудыг холбогдох хэлтсүүдтэй хамтран хэрэгжүүлэх үүргийг өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга өгсөн. Тэгвэл 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 36,004,840.8 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 53.5 хувийн биелэлттэй байна. Орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр авч үзвэл орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 1 нэр төрлийн орлого 126.4  хувь, 12 нэр төрлийн орлого төрлийн орлого 40.0- 99.4 хувийн биелэлттэй  байгаа аэ. Мөн татварын хэлтсээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм.

“Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зарим зөрчлийг арилгав  

“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” төсөл, дүүргийн Засаг даргын энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай А/133 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулж тодорхой ажлуудыг хийсэн бөгөөд энэ талаар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр “Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн холбогдох байгууллагууд хамтран хүүхдийн орчны эрсдэлд нөхцөлийг бууруулах, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, зөрчлийг арилгах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллалаа. Шалгалтын явцад

  • Таггүй траншей болон түүнтэй холбоотой-14,
  • Ил задгай цахилгааны утас, гэрэлтүүлэгтэй холбоотой-18,
  • Хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл, засвартай холбоотой-16,
  • Явган зам, тэмдэг, тэмдэглэгээтэй холбоотой-16 зөрчлийг тус тус нэгтгэн албан бичгээр Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлсэн.

Мөн “Осолгүй ирээдүй" төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 11, 141, 13, 93 дугаар сургуулиудын бага ангийн нийт 455 сурагчдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан гэсэн юм.

Хурлын төгсгөлд дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар зарим үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд

  • “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын гаргасан 01 тоот албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд хамгаалахад шаардлагатай зардлуудыг Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах. Нийслэлийн Засаг даргаас өгсөн Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Дүүргээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран 1000 машины зогсоол дээр Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулахад холбогдох хэлтсүүд анхаарч ажиллах. Ингэхдээ НЗАА-тай хамтран ганц Баянгол дүүрэг биш бусад дүүргийн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин оролцуулж, нээлттэй зохион байгуулах.
  • Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэхэд анхаарал хандуулж, аян өрнүүлэх. Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс энэ талаар төлөвлөгөө гаргах, ирэх долоо хоногт танилцуулах. “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас зүлэгний үр, хар шороогоор хангах талаар дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлийн төсвийн тодотгол удахгүй хийгдэх гэж байгаатай холбоотойгоор дүүргийн Татварын хэлтэс, Төрийн сангаас тодорхой саналуудаа гаргаж, нийслэлд хүргүүлэх, татварын орлого бүрдүүлэлтэд анхаарал хандуулж тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ зөвшөөрөлгүй тавих нь нэмэгдсэн. Иймд холбогдох хэлтсээс автобусны буудал болон явган хүний зам дээр тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэх арга хэмжээ авах, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс автобусны буудлуудыг тохижууулах зураг төсөв гаргаж танилцуулах
  • Дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын ард үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг арилгахад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Мөн нийслэлийн Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, холбогдох газар хэлтсүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүрэг даалгавартай ЭНД дарж танилцана уу.

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.05.17/ болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд танхимаар, 25 хорооны Засаг даргын ажлын алба болон хэсгийн ахлагч нар цахимаар оролцсон бөгөөд 94 хувийн ирцтэй эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.