| | USD/MNT 0₮

Хошууч Э.Лхагвасүрэн:Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хамгаална гэдэг их сайхан нэр төрийн хэрэг

Хилийн цэргийн амьдралыг гадарлах хэдий ч нарийн сайн мэдэхгүй. Би бодохдоо хил хязгааргүй алс хол зэлүүд газарт өргөсөн тангарагтай, торгон хилээ сахиж хамгаалж нэг цул болсон хүмүүс ажиллаж амьдардаг байх гэж бодно. Гэхдээ тэднийг хөгжих боломж тааруу, мэдээ мэдээллээс хол ангид, өдөр тутмын мэдээллээ авч чаддаггүй болов уу гэсэн ойлголт төрж байсныг нуухгүй. Тэгвэл тийм биш ажээ. Хилийн цэргийн алба хаагчдийнхаа сурч боловсрох, хөгжих, мэдээ мэдээлэл авах боломжийг нь мөн гэр бүлийн тогтвортой байдал, ажил орлоготой байхыг нь Хил хамгаалах байгууллагаас бүр бодлогоор дэмждэг болжээ. Хилчний амьдрал, заставын замнал ямар байдаг талаар нэгэн гэр бүлийг онцолсон юм.

Сэтгүүлчдийг Говь-Алтай аймгийн нутагт байрлах Хилийн цэргийн 0210 дугаар салбар буюу Зам билгэхийн застав очиход хэдэн цагаан саарал байшин угтав. Зам билгэхийн застав гэсэн цагаан хашаа руу орлоо. Говь, хангай хосолсон алс хязгаар газарт эх орныхоо торгон хилийг манаж хамгаалах эрхэм үүрэг “өвөртөлсөн” хилчид, хилийн цэргийн алба хаагчид тэдний ар тал болсон гэргий нар ирээдүйд хил хамгаалах бяцхан хүүхдүүд инээсээр биднийг хүлээн авсан юм. “Монгол Улсын амгалан тайван байдал, ирээдүйг бүтээхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа олон хилчин, цэрэг эрс энэ заставт ажиллаж байна даа" гэж бодлоо.

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0166 дугаар анги нь Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён зэрэг нийтдээ гурван аймгийн зургаан сумын БНХАУ-тай хиллэдэг хилийн хэсгийг хамгаалдаг юм байна. 

Ингээд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Зам билгэхийн заставын дарга, хошууч Э.Лхагвасүрэн болон салбарын ахлах холбоочин, дэд ахлагч гэргий Л.Насанжаргал нартай ярилцлаа.

-Сайн байцгаана уу, хил амгалан тайван байна уу?

-Сайн байна. Хил минь тайван амгалан, хилийн тэнгэр цэлмэг байгаасай л гэж өглөө бүр бодож босдог.

-Ажлын гараагаа анх хаана эхлүүлж байсан бэ?

-Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн хилээс амьдралаа эхлүүлж, өдгөө Алтай нутагт хуваарилагдан ирж, Зам бэлхийн заставын захирагчаар ажиллаж байна. Миний хувьд Хилийн цэргийн дээд сургуулийг 2010 онд цэргийн сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Баян-Өлгий аймагт ажиллах томилолт өвөртөлж, баруун хязгаарын цэргийн заставаас тэдний амьдралын замнал эхэлсэн. Баруун хязгаарт таван жил ажиллаж дараа нь Өмнөговь аймгийн Овоотын отрядад томилогдож байсан.

-Хэзээ энэ заставт нүүж ирсэн бэ?

-Өнгөрсөн 2018 онд Говь-Алтай аймгийн Зам билгэхийн заставт нүүж ирсэн. Тухайн үед би заставын орлогч захирагчаар, эхнэр маань ахлах тогоочоор ажиллаж байсан. Удалгүй эхнэр маань цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлж, холбоочин мэргэжил эзэмшсэн.

-Дээрээс тушаал өгвөл тэгээд хаана ч очиж үүргээ гүйцэтгэх байх даа?

-Тийм. Цэргийн хүн тушаалаар ажиллана. Дарга хаана тушаал өгнө тэнд үүрэг гүйцэтгэнэ. Цэрэг хүний онцлог, өргөсөн тангараг юм даа. Тушаал авбал гэрээ ачаад л явна даа.

-Заримдаа алс хол хилийн хязгаарт ийм цөөхүүлэхнээ ажиллаж амьдрах хэцүү байдаг уу?

-Зарим хүн алс хол амьдрах хэцүү биш үү гэж асуудаг. Тийм зүйл огт байхгүй. Бид нэг гэр бүл нэг цул болж чаддаг. Эх орныхоо хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, Монгол Улсынхаа хилийн багана дээр очих бүрт омогших сэтгэл төрж, мэргэжлээрээ бахархдаг. Хилчдийг эх орон, ард түмнийхээ амар тайван амгалан байдлыг хангаж ажиллах хугацаанд арын асуудлыг заставын эмэгтэйчүүд хариуцаж байдаг.

-Зам билгэхийн застав арвин түүхтэй гэх юм билээ?

-Тийм. Арвин түүхтэй, бахархах гавьяатай. Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумын нутгаар хязгаарлагддаг. Дайн болоход өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн эрэлхэг хилчид дайчид Зам билгэхийн заставынх. Застав нь цэрэг эрсийг ахалж явсан эрэлхэг хилчин Хандын Жүрмэдийн нэрэмжит. Зам билгэхийн застав 2018 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртсэн. Түүнчлэн 2018-2019 онд отрядынхаа тэргүүний заставаар шалгарсан. Отрядын төвөөсөө алс буюу 400км-ын зайтай. Хоёр сумын нутаг дэвсгэрийг хамгаалж байгаа хилчид байна.

-Энд алба хааж байгаа цэргүүд аль аймгаас ирдэг вэ?

-Манай отярд бол Баянхонгор аймгаас цэргүүдээ татаж авдаг.

-Хилийн цэрэг гэх томилолт өвөртлөөд ирсэн залуус хэр төлөвшиж, хэр эх оронч цэрэг болж байна вэ?

-Анх хилийн цэрэг гэх томилолт өвөртлөөд хил дээр ирж буй залуус эх орныхоо хил дээр очиж, манаанд гарахдаа омогших мэдрэмж төрдөг гэдгээ хэлдэг. Тиймээс манай застав дээр янз бүрийн зөрчил гардаггүй. Ганц нэг хүний болчимгүй үйлдлээс болж алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Хугацаат цэргийн албаа хааж байгаа цэргүүд бол эх орноо хамгаалъя гэсэн чин хүсэл зоригтой ирдэг.

-Хил хамгаалах байгууллага алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг хэр шийдэж чаддаг вэ?

-Сайн шийдэж байгаа. Одоо хилийн заставын салбар дээр өдөр шөнөгүй 24 тогтой, интернэт орчныг нь бүрэн шийдээд өгчихсөн. Салбарын бүрэлдэхүүнүүд бүгд видео колл хийж, мэдээ мэдээллийг хоцрохгүй авч байна. Өдөр тутмын мэдээлээ авчихна.  Мөн хил хамгаалах байгууллагаас гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгохын тулд хил дээр хуваарилагдаж ирсэн залуу гэр бүлийг ажлын байраар хангах тал дээр чухалчилж ажилладаг. Үүнийг бүр бодлогоор дэмжиж шийдвэрлэж өгсөн. Хэрэв томилолт аваад хилд хуваарилагдсан ч гэсэн гэр бүлийн хүн маань ажилгүй бол хэцүү шүү дээ. Ажилгүй байхаар өөр газар очиж, тусдаа ажиллах болно. Хол байхаар хүүхдүүдээ санана гээд асуудал их. Тийм учраас хоёуланг нь ажилтай орлоготой байлгах тал дээр анхаардаг.

-Цаашдынх нь зорилго юу бэ?

-Хилчин гэр бүлийн маань хувьд Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд чамгүй хугацааг зарцуулж энэ л замналд эргэлт буцалтгүй амьдралаа холбосон учраас цаашдаа мэргэжлээ дээшлүүлэн суралцаж, дарга нар шигээ чадварлаг боловсон хүчин болох гэгээн зорилготой.

Л.Наранжаргал:Анх нөхрөө дагаад Баян-Өлгий аймагт томилогдож очиход тог ч үгүй үнэхээр хэцүү байсан шүү

Хилчин хүний гэргий гэдэг эзэмшсэн мэргэжлээ орхиод эх орноо сахин хамгаалахаар ханиа дагаад хязгаар нутгийг зорьдог билээ. Тэдний нэг бол Зам билгэхийн заставын ахлах тогоочоос ахлах холбоочин болсон  дэд ахлагч Л.Насанжаргал юм. 

-Та хоёр анх яаж танилцаж байсан бэ. Таны хувьд эр цэргийн алба хаагчийн эхнэр болно гэж бодож байсан уу?

-Оюутан байхдаа буюу 2008 онд танилцаж байлаа. Сургуулиа төгсөөд ажиллаж байгаад нөхөртэйгээ танилцаад холбоочны курст суралцсан байдаг юм. Миний хувьд хилийн тухай  ямарч ойлголтгүй байсан. Анх Баян-Өлгий аймаг руу томилогдоход нөхөр маань хил гоё газар байдаг гэж надад хэлж байсан. Би Баянхонгор аймгийн уугуул. Анх хил дээр очиход цөөхөн хүнтэй, буйдхан газар санагдаж байсан. Гэхдээ тог цахилгаангүй газар их хэцүү санагдаж байсан шүү. Хүн байгаа газраа дасан зохицно. Хүмүүсийн халуун дотно уур амьсгал, орчин намайг хилийн амьдралд дуртай болгож, цэргийн хүн болох мөрөөдөлтэй болгосон. Одоо заставааасаа холдоод гэртээ очихоор хурдхан л хилдээ очмоор санагддаг. Хилийн амьдрал, мэргэжилдээ хайртай.

-Хилийн цэргийн хүн болж анх ийм гоё дүрэмт хувцсаа өмсөхөд юу бодогдож байв?

-Нөхрөө дагаж, хилийн тухай ямар ч ойлголтгүй алс баруун хязгаараас амьдралын замналаа эхлүүлж байсан хүн цэргийн хүн болохыг л бодно шүү дээ. Мөрөөдлөө биелүүлж, цэргийн хүн болсныхоо дараа анх дүрэмт хувцсаа өмсөхөд огшсон мэдрэмж төрж, үүнийгээ дагаад их үүрэг хариуцлага ирж байгааг ойлгосон.

-Холбоочин мэргэжил гэхээр яг юу хийх үү?

-Холбоочин мэргэжил нь Монгол Улсын хил дээр хилийн манаанд үүрэг гүйцэтгэхэд холбоо станцаар харилцахад бэлэн байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Заставын амьдрал энгийн эгэл харагддаж байгаа хэдий ч асар их үүрэг хариуцлагатай салбар байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Заставын амьдрал энгийн боловч тансаг, аз жаргалтай. Бид нэг хамт олон, нэг гэр бүл шиг болж бүгд нэгнийгээ ойлгож, гар нийлэн ажилладаг. Отрядын төв дээр шинээр татагдаж буй цэргүүдэд эх орон үзлийг төлөвшүүлэх хүмүүжлийг олгох зорилгоор сургалт зохион байгуулдаг. Ер нь хугацаат цэргийн алба хааж байгаа залуус эх орноо хамгаалах чин хүсэлтэй ирдэг юм.

-Та бүхний хийсэн энэ гоё боов боорцог, амтай хоол их анхаарал татлаа?

-Баярлалаа. Хүнсний хангамжийг цаанаас нь өгдөг байна. Ингэхдээ будаа, гурил гэсэн 90 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс сонголттой авах боломжийг бүрдүүлж өгдөг нь гоё. Бидэнд цахилгаан шарах шүүгээ байхгүй, бүгдийг гал дээр гараараа бэлтгэж хийсэн. Бид пицца ч хийх боломжтой. Даанч сир нь байсангүй. Интернэт орчноосоо эдгээр кэкс болон боовыг хийх аргаа хараад дагаад хийчихдэг юм. Хилчин эмэгтэйчүүд бид интернэтээс хоол, амттан хийх жорыг харж суралцдаг. Интернэтээс бүх зүйлээ мэдээд сураад авчихдаг.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр хүүхэдтэй. Анх Баян-Өлгий аймгийн заставт анхны охиноо өлгийдөж авсан. Харин бага хүү минь Алтай нутагт ирээд төрсөн. Охиныг минь Амин-Эрдэнэ, хүүг минь Ням-Эрдэнэ гэдэг. Охин Өмнөговь аймгийн Гурван тэс суманд дөрөвдүгээр ангид сурдаг. Хэчнээн алс хязгаарт байгаа ч гэсэн охинтойгоо интернэтээр дүрсээ хараад ярьдаг болохоор санаа зовох зүйлгүй сэтгэл амар ажлаа хийдэг. Охин маань застав дээр ирээд интернэтээр багштайгаа холбогдож даалгавраа хийдэг.

-Гэр бүлд нь гэгээн сайхан бүхнийг хүсье?

-Маш их баярлалаа. Хэчнээн алслагдсан газар амьдарч байгаа хэдий ч хөгжилд хөл нийлүүлэн алхах боломж, амьдрах орчин бүрдүүлж өгч байгаа Хил хамгаалах байгууллагын удирдлагууд болон хамт олондоо талархлаа.

 О.Сайхан 

Анх хилийн цэрэг гэх томилолт өвөртлөөд хил дээр ирж буй залуус эх орныхоо хил дээр очиж, манаанд гарахдаа омогших мэдрэмж төрдөг гэдгээ хэлдэг. Тиймээс манай застав дээр янз бүрийн зөрчил гардаггүй. Ганц нэг хүний болчимгүй үйлдлээс болж алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Хугацаат цэргийн албаа хааж байгаа цэргүүд бол эх орноо хамгаалъя гэсэн чин хүсэл зоригтой ирдэг
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.