| | USD/MNT 0₮

Ч.Баярбат:Мазаалай баавгайн тоо толгой өссөн шалтгаан нь нэмэлт тэжээл тавьж өгсөнтэй холбоотой

Алтайн өвөр говийн Шар хулсны Баянбүрд бол дэлхийд байхгүй ганцхан Монголд байгаа нэн ховордож Улаан номонд орсон зэрлэг мазаалай баавгайн цөм нутаг юм. Өөрөөр хэлбэл, говийн их дархан цаазат газар. Говийн их дархан цаазат газрынхан нэн ховор зэрлэг ан амьтдад хоол тэжээл тавьж өгдөг юм байна. Томилолтын багийнхан Шар хулсны Баянбүрдэд очиж, мазаалай баавгайн хоолоо иддэг цэг дээр түр саатсан. Одоогоор ичээнээсээ гарсан байгаа хэдий ч уул хаднаасаа бууж ирээгүй байгаа юм байна. Зун буюу зургаа, долдугаар сард Баянбүрд рүүгээ бууж ирдэг гэдгийг Ч.Баярбат дарга онцлов. Дашрамд дуулгахад, сүүлийн жилд мазаалайн тоо толгой өсч, 55 болсон гэдгийг албаныхан хэлж байна. Ингээд Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбаттай ярилцлаа.

-Сайн байна уу. Говийн их дархан цаазат газарт нэн ховордсон хэчнээн төрлийн амьтан байдаг вэ?

-Говийн их дархан цаазат газар Монгол Улсын Улаан номонд орсон 33 зүйл хөхтөн бий. Тэрнээс 15 зүйл хөхтөн яг энэ бүс нутагт. Тодруулбал, дэлхийд байхгүй мазаалай баавгай, хавтгай тэмээ, аргаль янгир, ирвэс, шилүүс, хар сүүлт, хулан гэх мэт бүх хөхтөн бүс нутагт байна.

-Дэлхийн хаанаас ч ямар ч амьтны паркаас үзэх боломжгүй зэрлэг ховордсон зургаан амьтан манайд байдаг гэсэн?

-Мазаалай, хавгай тэмээ, хулан, хар сүүлт, тахь, бөхөнг Алтайн өвөр говиос үзнэ. Өөр хаанаас ч үзэх боломжгүй. Тэр дундаа дөрвөн амьтныг Дархан цаазат газраас үзнэ. Бөхөн бол Шаргын хоолойд байгаа. Хамгийн сүүлийн байдлаар 10 мянга гаруй байгаа гэсэн тоо судалгаа гарсан.

-Мазаалай баавгай нутагладаг Баянбүрдүүдийг нэрлэвэл?

-Нийт 4,6 сая га талбайд 55 уст цэг байна. Тэрнээс зэрлэг амьтан ундаалах байгалийн зориулалттай 35 булаг шанд бий. Зундаа болохоор бид нар тэдгээр булаг шандуудыг ариутгана. Мазаалай баавгайд тэжээлээ тавьж өгнө, амьтны тооллого судалгаа хийнэ. Өвлийн улиралд дээрх уст цэгүүд барьцалдаад хөлдчихнө. Тэр бүгдийг хагалж, нэг цэгээс нөгөө цэгт буюу амьтад байдаг газарт мөс тавьж өгнө.

-Томилолтын багийнхан дархан цаазат онгон дагшин газраар явлаа. Гэвч нэг ч зэрлэг ан амьтантай таарсангүй?

-Хавтгай тэмээ машины дууг 50-10 км-ын цаанаас сонсоод ойртоход зугтаадаг. Эндээс машины дуу сонссон хавтгай 10км зам явж зогсоно. Судлаачдын судалгаараа нэг хавтгай айлгаж хөөхөд 60 км газар явж зогссон тохиолдол байдаг юм билээ. Дархан газрын бүс нутагт байгаа зэрлэг амьтад машины дуу чимээ аваад үргэж зугтаадаг. Зэрлэг амьтад шүү дээ. Хоёрдугаарт газар нутгийн хэмжээ том учраас харагдах байдал бага. Уст цэгээ түшиглэж идэш тэжээл нь хаана байна тэнд нүүдлээд идээшлээд явдаг юм.

-Хавтгайн тоо толгой хэдэд хүрсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар 500 гаруй байгаа.  

-Хар сүүлтийн тоо толгой маш цөөхөн гэдэг?

-Тийм. Говь-Алтай, Ховд, Дорнод, Баянхонгорт байна. Гол цөм нь Алтайн өвөр говьд байна.

-Мазаалай баавгайн тоо толгой өсч 55 болсон гэсэн. Өсөх шалтгаан нь юу байна вэ?

-Одоогоор мазаалайд хорголжин тэжээл тавьж өгч байна. Сүүлийн жилүүдэд мазаалай өсч байгаа амжилт юу байна вэ гэвэл тэжээлийн саванд тэжээл хийж өгсөнтэй холбоотой. Эрдэмтэн судлаачид  тэжээлтэй холбоотой гэж үзсэн. Анх 1986 онд энэ тэжээлийн савыг 7 цэгт байршуулж байсан бол одоо 17 цэгт 36 тэжээлийн сая тавьжээ. Жилд нийтдээ 10-12 тонн тэжээл тавьж өгдөг. Тэжээлээ ирж идэж байгаа эсэхийг автомат камераараа хяначихна.

-Зэрлэг амьтан тэжээл идэх үү?

-Тийм. Тэжээмэл амьтан биш. Хавар бороо цас ороогүй гуравдугаар үед мазаалай баавгай ичээнээсээ гардаг. Энэ үед нь хоолын хомсдолд орчихсон, 5 сар ичээнд байсан амьтан өлсгөлөн гарч ирдэг. Энэ үед нь нэмэлт тэжээл өгснөөр зүй бус хоргодол арилдаг. Гантай буюу хур бороо ороогүй жил өвс тэжээл тавьж өгөхөөр тарга тэвээрэг аваад намар ичээндээ ордог.

-Цаашид тоо толгойг нь өсгөхийн тулд яаж анхаарах вэ?

-Сүүлийн үед маш сайн анхаарч байгаа. Энэ жил гэхэд Ерөнхийлөгчийн ивээл дор Мазаалай баавгайн талаарх үндэсний зөвлөгөөнийг Улаанбаатарт зохион байгуулсан. Үүний хүрээнд Мазаалай баавгайн үндэсний хөтөлбөрийг БОАЖЯ болон судлаачид боловсруулж эхэллээ. Үүнийгээ дагаад гадаадын улс орноос манайх руу анхаарч эхлэх болов уу.

-Зэрлэг ан амьтдаа харах хянах камержуулалт бүрэн хийсэн үү?

-Гурван жилийн хугацаанд нийтдээ энэ хил дагуу 89 автомат камер тавьсан. Хилийн дөрвөн баянбүрд байгаа. Хилийн баганы ойролцоо 89, говийн дархан цаазат газартаа 380-аад автомат камер, нийт 37 уст цэг дээр 210 камер тавьсан. Эдгээр камеруудын үр дүн энэ оны аравдугаар сараас эхлээд эрдэмтэн судлаачид бодит байдлаар гаргаад ирнэ. Харин сүүлийн үеийн дижитал тоног төхөөрөмжийг энэ тавдугаар сарын сүүлээр тавих гэж байна.

-Байгаль хамгаалагчдын ажил их хүнд хэцүү санагдлаа. Хангамж хэр байдаг вэ?

-Яаж амар байх билээ. Манайх 4,6 сая га талбайг хариуцаж ажилладаг гэж хэлсэн дээ. Бид нар явахдаа усаа, шатахуунаа, хоолоо, хөнжил пүүгээгээ ачина. Дор хаяж нэг мотоцикл дээр 70-80 кг ачаа ачина. Хээр унаа тэрэг саатах зүйл байна. Тэрийгээ үргэлж тооцно. Зундаа гэхэд хөрсөн дээрээ +70 хэм халдаг. Өвөлдөө гэхэд эрс тэрс уур амьсгалтай. Хүнд хүчир цаг үед байгаль хамгаалагчид үүрэг гүйцэтгэдэг. Төв суурин газраасаа хол, нэг байгаль хамгаалагч хамгийн багадаа 3 хоног буюу 650 км-1500 км замыг туулдаг. Харин тоног төхөөрөмжийн хувьд сүүлийн үед харьцангуй сайжирсан. Нэг шин мотоциклийг хоёр жил унахаас цаашаа унахгүй.

-Хэчнээн байгаль хамгаалагчтай вэ?

-21 байгаль хамгаалагч ажиллаж байна. Хоёр аймгийн таван сумын  газар нутгийг хариуцаж байна. Таван сум дээр 1-2 байгаль хамгаалагч байдаг. Бусад нь хамгаалалтын захиргаан дээрээ үүрэг гүйцэтгэдэг. Цалингийн хувьд төрийн алба хаагчтай адилхан. Гар дээрээ 450 мянган төгрөгийн цалинтай. Байгалиа болон ховор ан амьтдаа хамгаалъя гэсэн чин сэтгэл зүрхтэй хүмүүс ажилладаг. Сүүлийн үед залуус их ирдэг болсон нь сайхан.

-Таны хувьд энэ газрын даргаар ажиллаад хэр удаж байгаа вэ?

-2016 оноос хойш ажиллаж байна. Миний мэргэжил багш, эрхзүйч. Сүүлд Байгалийн ухааны магистр болсон.

О.Сайхан 

Дэлхийн хаанаас ч ямар ч амьтны паркаас үзэх боломжгүй зэрлэг ховордсон зургаан амьтан манайд байда. Тодруулбал, мазаалай, хавгай тэмээ, хулан, хар сүүлт, тахь, бөхөнг Алтайн өвөр говиос үзнэ. Өөр хаанаас ч үзэх боломжгүй. Тэр дундаа дөрвөн амьтныг Дархан цаазат газраас үзнэ. Бөхөн бол Шаргын хоолойд байгаа. Хамгийн сүүлийн байдлаар 10 мянга гаруй байгаа гэсэн тоо судалгаа гарсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.