| | USD/MNT 0₮

Авлигачдаа хамгаалдаг намынхнаас болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шударга ёс нэхэж, хараад ч хэрэггүй юм байна

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногт нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах саналыг УИХ-д оруулж ирэв. Прокурорын зүгээс эрх мэдэл албан тушаалаас нь эгүүлэн татаж байгаад шалгах нь зүйтэй, тэгэхгүй бол болохгүй гэж үзсэн ч МАН-ынхан болон Ерөнхий сайд нэр холбогдож, хэрэгт татагдсан авлигачдаа хамгаалж, авч үлдэв. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдүүдтэйгээ хатуу хариуцлага тооцож чаддаггүй, албан тушаалаас нь авч хаядаггүй гэх увайгүй үйлдлийг МАН-ынхнаас харж болно. Албан тушаалаас нь түдгэлзүүлж байгаад шалгуулсан тохиолдол бий билүү. Албан тушаалтай нь шалгаж болно гэсэн шийдвэрийг МАН-аас гаргаснаа өчигдөр танилцуулав.

МАН-ын гишүүд, дарга нарын ярьсан хэлсэн үг, үйлдэл бүхэн тэнгэр газар шиг зөрдөг. Олон нийтийн өмнө гарч ирэхдээ, бухимдсан залуусын уур уцаарыг дарахын тулд “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэнбугайд ч хариуцлага тооцно” гэж ярьж байсан ч хөшигний ард орохоор өөр зүйл ярьж авлигчдаа өмөөрч хамгаалж хаацаалдаг нь үнэн. Угтаа бол тэднээс иргэд олон нийт шударга ёсыг хүсэж буй. Шударга байж гэмээнэ энэ нийгэм цэвэршиж, авлига албан тушаалын хэрэгтнүүд багасна, хэрэгт холбогдохоо болино гэж ойлгодог. Өөрсдөө ч тийм ойлголт төрүүлдэг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь авлигачидтай тэмцэнэ, түүний дотор өөрийн намынхан байсан ч хамаагүй хатуу хариуцлага тооцно гэж сүржигнэн мэдээлж байсан нь саяхан. Гэвч парламент нь илүү хүчээ харуулж, сайд, гишүүдээ хамгаалаад аваад үлдчихлээ.

Уг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д олон орж ирж байсан. Гагцхүү чөлөөлж, явуулж байсан нь тун ховор бөгөөд зөвхөн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдлуудад чөлөөлж байв. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүн өөрөө л хүсэхгүй бол УИХ бүрэн эрхээс нь чөлөөлж байсан түүх байхгүй.

УИХ нь буруутай гишүүдээ хамгаалаад байгаа нь илт. Өмнө нь ЖДҮ-ийн асуудлаар мөн л прокурорын газраас түдгэлзүүлэх санал оруулж ирж байхад олонхоороо авч үлдэж байсныг тод санаж байна. Ерөнхий прокурор байсан Б.Энх-Амгалан “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” гэж загнаж байсан удаатай. Түүний хэлсэн үг энэ парлемантын танхимаас эхлэхгүй юм байна.  

Ерөнхий сайд, намын дарга нь шударга ёс ярьж, авлигчдын эсрэг ажиллая гэж худлаа попорно. Энэ бүхнээс харахад авлигачдаа өмгөөлж хамгаалдаг МАН-ынхнаас болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шударга ёс нэхэж, хариуцлага хүлээгээд хэрэггүй юм байна.

Тодруулбал, өнгөрсөн жил Ерөнхий  сайд нь авлигатай тэмцэнэ, Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах бүх зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно гэж ярьж байсан бүхэн нь хий хоосон зүйл болж талаар өнгөрөх нь ээ. Гэхдээ дээрх нэр бүхий авлигачдын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах эсэх нь нийгмийн дунд анхаарал татсан сэдэв хэвээрээ байна.

 

 

 

Өнгөрсөн жил Ерөнхий сайд нь авлигатай тэмцэнэ, Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах бүх зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно гэж ярьж байсан бүхэн нь хий хоосон зүйл болж талаар өнгөрөх нь ээ. Гэхдээ дээрх нэр бүхий авлигачдын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах эсэх нь нийгмийн дунд анхаарал татсан сэдэв хэвээрээ байна.
Улс төр

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.