| | USD/MNT 0₮

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАНЫ “ЦЭРГҮҮД” МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны томилсон нөхдүүд Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль бус томилгоонууд хийж байна. Тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нутгийн дүү, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамедийг аймгийн ЗДТГ-ын дарга буюу төрийн албаны салбар зөвлөлийн даргаар дэвшүүлж, түүний оронд Х.Бауыржан гэгчийг томилжээ.

Б.Мухамед төрийн албаны салбар зөвлөлийг удирдаж эхэлснээр хууль бусаар сонгон шалгаруулалт хийж Тамгын газрын хэлтсийн даргаар Х.Анар гэгчийг томилсон бол Мэргжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нь төрийн албанаас “халагдсан” К.Самархан гэгчийг хэлтсийн даргаар томилсон байна.

Хамгийн хачирхалтай нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр К.Самархантай холбоотой 4 тушаал гарсан байх юм.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назымын 2021.12.31-ний өдрийн Б/13 тоот тушаалаар К.Самарханыг албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд шилжүүсэн. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Галияийн 2021.12.31-ний өдрийн Б/38 тушаалаар К.Самарханыг Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэх тушаал гарч, тус газрын дарга  Х.Бауыржаны мөн өдрийн  Б/51 тоот тушаалаар Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар томилсон байна.

Ингээд зогсохгүй К.Самарханы хариуцсан хэлтсийн чиг үүрэг Гаалийн газарт шилжсэн гэдэг үндэслэлээр Х.Бауыржаны 2022.01.14-ний өдрийн  Б/51 тоот тушаал гарсан. Уг тушаалд хавсралтад нэр дурдсан К.Самархан тэргүүтэй ажилтнуудыг 2021.12.31-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Гаалийн газарт шилжүүлсэн байтал тушаал нь 14 хоногийн дараа гарч байгаагаас үзэхэд “Бауыржан”-ууд хуулийг хэрхэн гууль болгож буй нэгэн жишээ юм. Тиймээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар Баян-Өлгий аймгийн “ноёд”-ыг анхаарах цаг болсныг харуулж байна.

Харин дархан эрхтэй К.Самархан гэгч нь Засаг дарга асан С.Хавалын эхнэрийн дүү бөгөөд 2007-2012 онд түүний туслахаар ажиллаж байсан. Тэрээр 2016 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар /ХХҮГ/-ын даргын 2016.10.26-ны өдрийн №16 тушаалаар тус газрын дэд даргаар томилсон ч 2018 онд  халагдсан байдаг. Харин  Орон нутгийн өмчийн газрын даргын 2020.01.22-ны өдрийн Б/02 тушаалаар өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллахдаа олон тендер зохицуулсан түүхтэй нэгэн аж.

Баян-Өлгий аймагийн Засаг дарга Д.БАУЫРЖАН-аас тодрууллаа: “Энэ томилгоог сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн хяналтын газрын томилгоог би сайн мэдэхгүй байна. Манай аймгийн хоёрхон томиллогоо хийгдсэн. Төрийн албаны зөвлөлөөс манай аймгийн хэмжээнд хууль бус 37 хүн орон тоонд Төрийн албаны тусгай үүрэг гүйцэтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАНЫ “ЦЭРГҮҮД” МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.