| | USD/MNT 0₮

МАН:Бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсооно

 
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.02/ болж хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.
 
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
 
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байрь суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн гол концевци нь төрийн хяналт шалгалт үргэлжилнэ. Харин төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 сарын 31 хүртэл зогсоох хуулийн төсөл өргөн барьсан. Бүлэг дахиж хэлэлцээд удахгүй Засгийн газраас өргөн барих Төрийн хяналт шалгалтын тухай хуультай дээрх хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
 
Бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах зүйлс, хууль эрх зүйн хувьд болон санхүүгийн хүрээнд авч шийдвэрлэх асуудлын талаар бүлгийн гишүүдэд танилцуулга мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүд олон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажил хийх, хууль тогтоомжийг хэрхэн сайжруулах асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсад Ковид цар тахал дэгдэхээс өмнө жилдээ 25 мянган хүүхэд ээж, аав, асран хамгаалагчийнхаа хажууд гэмтэж, бэртэж, хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах тохиолдол ч гарч байсан. Энэ тоо Ковид цар тахлын үеэр 35 мянга болж өссөн. БСШУЯ, ЭМЯ, ХНХЯ, олон улсын байгууллагуудаас эцэг эхчүүдийн хариуцлагын талаар соён гэгээрүүлэх ажлыг хийдэг боловч өнөөдөр нийгэмд төдийлөн хүрэхгүй байна. Иймд, өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа гол асуудалд бид дүгнэлт хийх цаг болсон. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулж, хүүхдүүдэд анхаарал тавихгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бид хүүхдэд үл хайхрах хүчирхийллийг үзүүлж байна гэсэн үг. Хүүхдүүд бэртэж, гэмтэх, амь насаа алдсан хариуцлагын ард эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал нөлөөлж байна үзэж байна. Ийм учраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйл заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан. Өнөөдөр бүх яамд, агентлагууд энэ заалтыг хэрэгжүүлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулж, ажиллаж байна. Дээрхи асуудалд эрх баригч МАН болон бодлого тодорхойлогчид онцгой анхааран ажиллаж байна” гэв.
 
ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн. Хоёр хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэл, 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.
 
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дуудлага мэдээллийг авч үзвэл 2021 онд нийт тус төвд 26.503 дуудлага ирснээс хүүхдийн эрх хамгааллын 4.416, бие махбодын хүчирхийлэл 760, бэлгийн хүчирхийлэл 111, сэтгэл санааны хүчирхийлэл 900, үл хайхрах 710, гэр бүлийн харилцааны 677 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ. 
МАН:Бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг дэмжсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.