| | USD/MNT 0₮

330 сумын АН-ын дарга нар Дээд шүүхэд шаардлага хүргүүллээ

Орон нутгийн 330 сумын АН-ын дарга нар өнөөдөр Дээд шүүхэд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Ардчилсан Намын анхан шатны байгууллагуудын удирдлагын төлөөлөл  Бид, Монгол Улсын Үндсэн хуульд, “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж,

Улс төрийн намын тухай хуульд, “Нам дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж, “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэж тус тус заасныг Үндэслэн:

Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ хүрээнд намын даргын сонгуулиа зохион байгуулж, намын нийт гишүүдээс үнэмлэхүй олонхын санал авсан Халтмаагийн Баттулгыг даргаар тодруулан их хурлаар ёсчлон батламжилж, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу  Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох материалын хамт хүргүүлээд байгаа билээ. 

Ардчилсан намын Үндсэн дүрэм, бусад журмын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан “Ээлжит бус их хурал”-д намын анхан шатны нэгж, үүр болгоноос оролцох төлөөлөгч сонгох сонгуулийг тухайн шатны Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн хороод зохион байгуулж шийдвэрээ Дотоод сонгуулийн хороонд өргөн мэдүүлж, намын “Ээлжит бус их хурал”-аар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан хуралдсан билээ.

Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан гэгдэх АН-ын Ээлжит бус ХIII Их хуралд Ардчилсан намын анхан шатны нэгж, үүрүүдээс нэг ч төлөөлөгч сонгогдож оролцоогүй бөгөөд тус хурлын төлөөлөл нь дүрмийн дагуу сонгогдоогүй болохыг АН-ын анхан шатны байгууллагуудыг төлөөлж хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна.

Ардчилсан намыг хууль ёсоор бүртгэгдсэн удирдлагагүй байгаа үеийг ашиглан, намын нийт гишүүдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчин тэднийг басамжилж байгаа нэр бүхий этгээдийн дур зоргын үйл ажиллагаа, ёс бус үйлдэлд шүүх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд нэн хариуцлагатай хандахыг Сануулж байна.

Улс төрийн намын дотоод зөрчлийг төр, нийгмийн хямрал, тэмцэлд хүргэхгүй байхад Эрхэм шүүгч Та бүхний шийдвэр чухал нөлөөтэй гэдгийг хатуу анхааруулж байна. Ардчилсан намын гишүүд бид тус намын бүхий л үйл ажиллагаанд санаатай саад учруулах гэсэн ямар ч үйл ажиллагаатай эвлэрэхгүй хатуу тэмцэх болно!

Эрх чөлөөт, ардчилсан, тусгаар улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ золин зүтгэсэн олон мянган ардчилагчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бидний сонголтыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙЖ, ГАГЦХҮҮ ХУУЛЬД ЗАХИРАГДАНА” гэснийг удирдлага болгон Монгол улсын хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмын хүрээнд сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж өгөхийг шаардаж байна.

 

330 сумын АН-ын дарга нар Дээд шүүхэд шаардлага хүргүүллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.