| | USD/MNT 0₮

Д.Эрдэнэсүх:Коронавирусээс болж Бургастайн боомт дээр 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал хураагдсан байна

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 гаруй сэтгүүлч зураглаач томилолтоор Говь-Алтай аймаг болон цаашлаад аймгийн алслагдсан дөрвөн сум, хилийн Бургастай автозамын боомт, Нарансэвстэй боомт, Алтайн өвөр бэлийн говь буюу дархан цаазат газар, хилийн бус нутгаар ажиллаад ирлээ.

Тухайн багийнхны томилолтод Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй газрын дарга нар мөн оролцож явсан юм.

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж тухайн аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Бургастай авто замын боомтын үйл ажиллагаа зогсоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Тус боомтоор “Алтайн Хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн экспортыг хилээр гаргах үүрэгтэй. Гэвч одоогоор экспорт зогссон байдалтай байна гэдгийг Говь-Алтай аймаг дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх хэллээ.

Ингээд түүнтэй Бургастай боомтын үйл ажиллагаа хэзээнээс эхэлж хэвийн болох талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Бургастай боомтын үйл ажиллагаа яг хэзээнээс эхэлж зогссон бэ?

-Өнгөрсөн 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос хойш жил орчмын хугацаанд хөдөлгөөн байхгүй нам зогссон байдалтай байна. Хэдийгээр ийм байгаа ч энд гаалийн улсын байцаагч нар хилийн албадууд ирчихсэн хилийг нээлттэйд тооцож үйл ажиллагаа болон хяналтаа тавин ажиллаж байна. Харин Хятадын талтайгаа харилцан ярилцаж, тохиролцоод хөдөлгөөнөө нээж эхлүүлэх гэж байна. Эхний ээлжинд 30 машинаар тээвэрлэлт хийнэ. Цааш цаашдаа энэ тоогоо 90 машин болгох зорилготой. Гэхдээ ковидын нөхцөл байдал болон ачааллаа харж байж машины тоогоо нэмнэ гэж хоёр тал тохиролцсон.

-Коронавирус гарахаас өмнө энэ боомтоор хэдэн машин гардаг байсан бэ?

-Өмнө нь бид судалгаа хийж үзсэн. Нэг удаадаа хамгийн их буюу 417 машин төмрийн хүдрийн баяжмал ачиж хилээр нэвтэрч байсан юм билээ. Тэгэхээр цаашдаа өргөжөөд цаг хугацаа нь хурдан шуурхай байвал ийм тооны машин гарах боломжтой. Техник технологийн хувьд манайх харьцангуй сайн шилэн кабельтай болсон.

-Гэхдээ энэ боомтын үйл ажиллагаа хэвийн явагдахад тулгамдаж байгаа асуудал бий юу?

-Боомтын цогцолборын барилга хүрэлцээ муутай. Гэхдээ нөхцөл байдлаа бүрэн ашиглаад үйл ажиллагаагаа явуулдаг.

-Өнөөдрийн байдлаар энэ боомт дээр хэчнээн тонн хүдрийн баяжмал эксторлогдоогүй хураагдсан байдалтай байгаа вэ?

-Одоогоор Алтайн хүдэр компанийн хяналтын бүс дээр 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал хуримтлагдаж хураагдсан байдалтай байна. Сүүлийн гурван жилийн байдлаар аваад үзэхэд импортын бараа зогсонги байдалтай болчихсон. Экспортын бараа гарч байгаа хэдий ч 2021 оны 6-9 сарын хооронд өдөрт 20 машины квоттой баяжмал экспортлосон. Тэр нь 1496 тонн байсан. Одоогоор импорт буюу аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлгөөн эргэлт багатай байгаа учраас боомт эдийн засгийн үр өгөөж талаас жаахан дутагдалтай байна.

-Энэ боомт өмнөх онуудад хүдрийн баяжмал экспортлож байв?

-Өмнөх онуудад хамгийн дээд талдаа 1,7 сая төмрийн хүдрийн баяжмалыг экспортлож байсан.

-Гааль төмрийн хүдрийн баяжмалаас хэдэн төгрөгийн хураамж авдаг вэ?

-Гааль дээр нэг тонн төмрийн хүдрийн баяжмалаас 1500 төгрөгийн бүрдүүлэлтийн хураамж гэж авдаг. Бусдаар бол АМНАТ гээд улсын төсөвт өөрт тооцооллоор ороод явдаг. Хяналтын бүс дээр байгаа 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмалын бүрдүүлэлтийн хураамж гэхэд 4 гаруй тэрбум төгрөгийн хураамж улсын төсөвт оруулах боломжтой ийм баяжмал хил дээр бэлэн байж байна.

-Танай Бургастай дахь гаалийн хороо нь нийт хэчнээн ажилтантай вэ?

-Манай энэ гаалийн хороо нь 30 жилийн түүхтэй байгууллага. Аймгийн төвөөсөө алслагдмал зам харгуй муутай. Тус гаалийн хорооны харьяалалд Бургастай боомт харьяалагддаг. Одоогоор миний бие энэ боомтыг хариуцаж ажиллаж байна. Манай байгууллага 27 хүнтэй, 17 улсын гаалийн байцаагчтай. Өнөөдрийн байдлаар зургаан улсын гаалийн байцаагч ирсэн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Орон нутгийн төсвөөр бидэнд 24 өрөө орон сууц барьж өгсөн. Энд цэрэг болон төрийн алба хаагчид цуг амьдардаг.

-Бургастай боомт өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэр ажилласан байдаг вэ?

-Ажилласан жилийг нь тоймлоод яривал, эхний 10 жилдээ Монголын түүхий эдийн голлох экспортлох бараа бүтээгдэхүүний нэлээд том боомт байсан. Сүхбаатар аймгаас бусад аймгуудаас ирсэн бүх бизнес аж ахуйн нэгжийнхэн энэ боомтоор бараа таваараа авч худалдаа наймаагаа эрхэлдэг байсан. 1991 оноос үйл ажиллагаагаа эхлээд хойно 56 км зайтай Бургастайн булаг гэж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо хилийн бүсэд ирж байрлаад үйл ажиллагаагаа явуулж байна. Дараагийн 10 жилд нь ерөнхийдөө зах зээлийн харилцаа нэлээд хүндэрсний улмаас энэ боомтоор худалдаачин наймаачид явах битгий хэл хилийн хөдөлгөөнгүй болж бүр зогсолтын байдалтай болсон. Ингээд 2010 оноос эхэлж Алтайн хүдэр компанийн хяналтын бүс хилийн орчимд байгуулагдаж төмрийн хүдрийн баяжмалыг экспортлож эхэлсэн.

-Боомтын цогцолборын барилга муу гэсэн. Шинэ боомтын барилга баригдахаар зураг төсөл нь гарсан яваа гэсэн үү?

-Тийм. Хөгжлийн хөтөч гээд Сангийн яамны төсөвтэй хамтраад орчин үеийн шинэ боомтын зураг төсөл хийж байгаа. Энэ боомт шинээр баригдвал манайх хөгжөөд явах бүрэн боломжтой.

-Танай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар боомтуудын үйл ажиллагааг сэргээж, эдийн засгийн эргэлтийг сайжруулах ёстой гэж ярьж байна. Ер нь Бургастай боомтыг цаашид хөгжүүлж барилга байгууламжийг нь сайжруулж, үйл ажиллагааг нь идэвхжүүллээ гэхэд эдийн засгийн үр өгөөж хэр сайн байх бол. Ойр орчмыг нь буюу хил залгаа сумдуудыг нь харахад хөгжил муу байна. Зах зээл нэлээд хумигдмал байдалтай юм шигээ?

-Хил хязгаар хэвийн буюу Ковид гараагүй байхад манай боомтоор боломжийн хэмжээнд ойр орчмын сумдууд хүнсний хэрэгцээгээ хангадаг байсан. Эргээд худалдан авалтын судалгааг хийгээд үзэхэд 10 орчим машинтай хүмүүс гарч ойр зуурын гурил будаагаа авдаг байсан. Энэ нь юунаас болж байна вэ гэхээр хилийн цаана байгаа Хами аймгийн үйлчилгээ худалдаанууд нь хилээс хэтэрхий хол алслагдмал, хилийн хяналт шалгалт нь чанга байдгаас хүмүүс бас нэг их явдаггүй юм болов уу гэсэн хандлага харагддаг. Аймгийн Засаг даргын зүгээс бид удаа дараа Хами аймгийн төрийн захиргааны байгууллага, гаалийн байгууллагатай нь онлайнаар холбогдож байгаа. Ямар ч байсан холбогдож байсны үр дүнд бидэнд экспортын хөдөлгөөн эхлүүлэх нааштай мэдээ өгсөн.

Бургастай авто замын боомтын танилцуулга

Хилийн Бургастай авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байгуулагдсан. Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Шинэ Бургастай гэдэг нэртэй газар байрладаг.

Улаанбаатар хотоос-1320 км

Говь-Алтай аймгийн төвөөс-320 км

Говь-Алтай аймгийн Бугат сумаас -180 км

БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн Бархөл хошуунд байрладаг Лаоемяо боомттой хиллэдэг.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Өнгөрсөн 2021 оны есдүгээр сарын 20-ноос хойш жил орчмын хугацаанд хөдөлгөөн байхгүй нам зогссон байдалтай байна. Хэдийгээр ийм байгаа ч энд гаалийн улсын байцаагч нар хилийн албадууд ирчихсэн, хилийг нээлттэйд тооцож үйл ажиллагаа болон хяналтаа тавин ажиллаж байна. Харин Хятадын талтайгаа харилцан ярилцаж, тохиролцоод хөдөлгөөнөө нээж эхлүүлэх гэж байна. Эхний ээлжинд 30 машинаар тээвэрлэлт хийнэ. Цааш цаашдаа энэ тоогоо 90 машин болгох зорилготой. Гэхдээ ковидын нөхцөл байдал болон ачааллаа харж байж машины тоогоо нэмнэ гэж хоёр тал тохиролцсон.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.