| | USD/MNT 0₮

АЦХ-ээс эхэлсэн охидын эрхийг дээдэлсэн ДАВАЛГАА эрчийг авсаар байна

Жендэрийн мэдрэмжтэй хандлага гэж юу вэ? Хүндрүүлж бодох гэсний хэрэггүй. Ухаантай тайлбар ч шаардлагагүй. Ердөө л хүйсийн харилцан ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэх тухай ойлголт. Харин гэтэл манайхан /монголчууд/ жендэрийн асуудал тухай асуудал хөндөхөөр феминизмтэй эндүүрч, хольж сольж ойлгох нь түгээмэл. Манай нийгмийн онцлогоос хамаараад хүйсийн тэгш эрхийн асуудал ярихаар яалт ч үгүй охид, бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүчирхийллээс ангид байлгах тулгамдсан сэдэв зонхилж байгаа учраас арга ч үгүй биз.

Нийтлэлч миний хувьд жендэрийн мэдрэмжтэй бодлого, хүйсийн тэгш хандлага гэж нийгмийн бодлогын хүрээний өргөн ойлголт, том сэдвийг хөндөх гэсэнгүй. Тэгвэл ойлгуулах гэсэн “БАЙ”-гаа ч онолгүй дэмий философидсоор таарах тул хүйсийн харилцан ялгаатай байдлыг хүндэтгэсэн /зарим нэгэнд нь ИНЭЭДТЭЙ, бүр ИЧГЭВТЭР/ нэгэн санаачилга хэрхэн амжилттай давалгаалж, үр дүнд хүрч байгаа ойрын жишээг  сонирхуулья.

Миний санахаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг, Монгол Улсад ч ажил болгох ёстойхэмээн анх санаачилсан. Энэ сэдвийг ажиглах нь ээ, “Гишүүний хөндсөн сэдэв нь тун зөв. Мэдрэмжтэй хандлаа. Харин шийдэх арга зам нь учир дутагдалтай байна. Санхүүжүүлэх арга хэлбэрийг оновчтой байлгах хэрэгтэй” гэсэн саналууд их ажиглагдсан.

Харин энэ асуудалд хариу өгсөн фэйсбүүк дэх хандлага эсрэгээрээ... “Хавтгайрсан халамжийн бас нэг арга хэлбэр”, “Өөрийнхөө шахааны бизнесийг улсад шахах гэж байна”, “Татвар төлөгчдийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулах нь...” зэргээр хэлэх хэлэхгүйгээр бичсэн харагдсан. Сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн дүгнэхийн оронд жаахан тунгаавал,  НҮБ-аас охидын сурч боловсрох эрхийг хангах асуудлуудын нэг нь ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжтэй байдал гэж үздэг. Монгол Улсын хувьд хүн амын 50 хувь нь хөдөө орон нутагт боловсон жорлонгүй, орчин үеийн ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байна.

Ийм нөхцөлд охидын эрүүл мэндийг дэмжих үүднээс нүхэн жорлонг өөрчлөх, улмаар охидод ариун цэврийн хэрэглэл хүртээмжтэй хүргэх асуудлыг ярихаас өөр аргагүй юм. 

Хөдөө орон нутаг болон хотын захын гэр хороололд усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу, дотуур байранд эсвэл айлд амьдардаг охидод эцэг эхийн халамж, анхаарал дутдаг зэрэг нийгэм болон орчны сөрөг хүчин зүйлс нь дээрх бэрхшээлүүд үүсэхэд нөлөөлж байна. Түүнээс гадна гэр бүл болон сургуулийн орчинд охидод үзүүлэх нийгэм сэтгэлзүйн, биет дэмжлэгийн чанар, хүртээмж хангалтгүй, ариун цэврийн хэрэглэлийн үнэ өртөгт ч нөлөөлнө.

Энэ асуудлыг ул муурьтай ярихын тулд бид нэг зүйлийг маш сайн ойолгох хэрэгтэй. Охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгох асуудал нь нийгмийн шинжтэй эл аяныг хэрэгжүүлэх гарц гаргалгаануудын нэг л хувилбар юм. Ингэхдээ Монгол Улсын бүх эмэгтэйчүүд, охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараах тухай асуудал огтоос биш. Манай улсад 11-18 насны 220 мянга 225 охин бий гэсэн 2020 оны статистик тоо байна. Нэг охинд сард 5-10 мянган төгрөгийн ариун цэврийн хэрэгсэл олгоно гэж тооцвол сард 1-2 тэрбум төгрөг шаардагдана. Харин зөвхөн зорилтот бүлгийн охидод олгоно гэвэл энэ төсөв даруй хэд дахин багасна. Заавал улсын төсвөөс шийдэхгүйгээр дотуур байр болон гэр хорооллын сургуулиудад эхний ээлжинд олон улсын болон бусад сайн дурын байгууллагуудын дэмжлэгээр эхлүүлж боломжтой ажил. Улсын төсвийн гар харахгүйгээр Ц.Мөнхцэцэг гишүүний санаачилгыг дэмжээд хэрэгжүүлж эхэлсэн сайн жишээнүүд олон байна. 

 Pad package

“Гүнж” төвийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс харахад энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Ц.Мөнхцэцэг гишүүн “сөшлд буллидүүлснээс” ердөө дөрөвхөн хоногийн дараа Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуульд “Pad package” аян эхлүүлж, яаралтай үед эмчийн өрөөнөөс авах боломжтой болгожээ.

A young doctor”  

Чойрт буюу Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн “A young doctor” клуб энэ давалгаанд мөн нэгдэж 3 сарын 9-ний өдөр сургуулийнхаа мужаанаар яаралтай үед ашиглах АЦХ-ынхээ хайрцгийг хүртэл хийлгэж, бас болоогүй сургуулийнхаа зэргэлдээх “ЧАНДМАНЬ” дэлгүүрийнхнээс эхний АЦХ хуримтлалаа бүрдүүлсэн байгаа юм.

“Яаралтай тусламжийн хайрцаг” 

Завхан аймгийн “Залуучууд хөгжлийн төв”-өөс өсвөр насны охидод зориулсан “Яаралтай тусламжийн хайрцаг”-ийг Улиастай сумын ЕБС-иуд болон Политехник коллеж, Хөгжим Бүжгийн коллежид  3 сараас эхлэн байршуулж эхэлжээ. Одоогоор өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хуримтлал бүрдүүлж байгаа гэнэ.

“Хэрэгтэй үедээ ашиглаарай”

Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль эл давалгаанд гуравдугаар сарын 11-ний өдрөөс нэгдэж сургуулийнхаа нийгмийн ажилтантай хамтран “Охидод ээлтэй сургууль” хэмээн аянаа нэрлэж хэрэгжүүлж эхэлжээ.  Цаашид эцэг эхчүүд, АЦХ нийлүүлдэг байгууллагууд, багш нартайгаа хамтарч фондоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй аж.

“73-р сургуулийн сайн жишиг”

Нийслэлийн ЕБС-ийн 73-р сургууль Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд энэ аяныг мөн эхлүүлж, тус сургуулийн 12а ангийн ах, эгч нар 606 ширхэг АЦХ-г бэлэг болгон өгч аяныг дэмжсэнээр сургуулийнхаа 2, 3 дугаар давхруудад байрлах охидын ариун цэврийн өрөөнүүдэд нийт найман хайрцаг байршуулаад байгаа аж.

Жендэрийн мэдрэмжтэй хандлага гэж юу вэ? Хүндрүүлж бодох гэсний хэрэггүй. Ухаантай тайлбар ч шаардлагагүй. Ердөө л хүйсийн харилцан ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэх тухай ойлголт. Харин гэтэл манайхан /монголчууд/ жендэрийн асуудал тухай асуудал хөндөхөөр феминизмтэй эндүүрч, хольж сольж ойлгох нь түгээмэл. Манай нийгмийн онцлогоос хамаараад хүйсийн тэгш эрхийн асуудал ярихаар яалт ч үгүй охид, бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүчирхийллээс ангид байлгах тулгамдсан сэдэв зонхилж байгаа учраас арга ч үгүй биз.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.