| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар: 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг “LRT” төсөлд зарцуулна гэдэг байж боломгүй

УИХ-ын чуулганаар 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг оруулж ирээгүйд гишүүд ундууцаж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцсэн юм.

Эсэргүйцлийн хариу тайлбартаа тэрээр ийнхүү мэдээлэл өглөө:

-Хотоос сонгогдсон гишүүд эмоцитой  ярьж байна. Танай увсынхан л гэнэ. Арай  ч ингэж ярьж болохгүй байх. Үнэндээ Монгол Улсын эрх ашиг уу, 3.6 сая иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих уу гэсэн  үндсэн зарчмын асуудал яригдаж  байна. Тийм биш бол яах гэж  бид Төсвийн тогтвортой байдал болон Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан юм. Төсвийн тодотголын хүрээнд 3.5 тэрбум ам.долларын Засгийн газрын баталгаа гаргах агуулгатай тогтоолыг оруулаад ирсэн.

Та нар сайн уншаад үзвэл арван жилийн хугацаанд төсвийг төлөвлөсөн. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Бүгд өрийн босгод санаа зовж байгаагаа хэлдэг. Сонгууль дөхөхөөр Монгол Улсын нэг иргэн тэдэн сая төгрөгийн өртэй гээд ярьцгаадаг. Тэгсэн мөртлөө одоо хамаагүй. Хуулиа өөрчилж байгаад батална гэж дайрч байна. Яаж ингэж хэлж чаддаг юм бэ та нар. Монгол Улсын гадаад өр аюулын харанга дэгдэхэд ойрхон байгаа шүү. Ийм үед гадаад зээлд ач холбогдол өгөх ёстой.

Нийслэлийн түгжрэлд санаа зовохгүй хүн 76 гишүүн битгий хэл Монгол Улсын бүх иргэн санаа зовж байна. Тиймээс шийдлээ л зөв олох ёстой. Нөгөө яриад байсан дүүжин тээвэр хаана байна нийслэлийнхээн. УИХ зээлийг нь баталсан шүү дээ.  Ер нь хэн чанга ярьж, доромжилсных нь үгээр шийдвэр явна ч гэж байхгүй шүү. Хуулиа л дагана. Айлгаж, сүрдүүлж, шантааж хийдэг сэдэв ч бас биш. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах хэрэг үү. Тийм зүйл байхгүй” гэв.

Ч.Хүрэлбаатар: 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг “LRT” төсөлд зарцуулна гэдэг байж боломгүй
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.