| | USD/MNT 0₮

Б.Одгэрэл: Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлыг эрдэмтэд тал бүрээс нь хэлэлцэнэ

Хүүхдийн хөгжил, төлөвшил гэдэг бүх цаг үеийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Улс орны хөгжлийг ч хүүхдэд тавих бодлого, анхаарал, халамжаар нь хэмждэг. Цаг үе өөрчлөгдөхийн хирээр хүүхэд рүү чиглэсэн суурь бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс салбар бүрийн эрдэмтэн судлаачид хүүхдийн хөгжилд гарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдэж болох арга замыг эрэлхийлэн хэлэлцэх гэж байна. Отгонтэнгэр Их сургууль жил бүр “Хүүхдийн хөгжил төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хурлыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр МУБИС-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Бид  Отгонтэнгэр их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор  Б.Одгэрэлтэй энэхүү хурлын талаар цөөн хором ярилцлаа.

- Хүүхдийн хөгжил, төлөвшил эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго, онцлог, үр дүн нь юу вэ?

-27 жилийн өмнө ОТИС анх санаачлан “Гэр бүл-XXI зуун” нэртэй  эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан түүхтэй. Монголын их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудаас анх удаа, энэ сэдвийг сонгож хэлэлцсэн хурал байсан юм. Гэр бүл, хүүхдийн асуудалд хурлын үйл ажиллагаа чиглэгдэж цаашлаад агуулга хүрээ ч их өргөжсөн. Зохион байгуулалт эрдэм шинжилгээний хурал  агуулга, арга зүй, практик ач холбогдлын хувьд  улам баяжин, төрөлжиж “Хүүхдийн хөгжил төлөвшил” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхдийг хөгжлийнх нь онцлогт тохируулан хэрхэн хөгжүүлэх, төлөвшүүлэх талаар эрдэмтэд судлаачид, сурган хүмүүжүүлэгчдийн байр суурь, судалгааны үр дүнг сонсож хэлэлцдэгт оршдог. Зөвхөн сонсож хэлэлцэхээс гадна гарсан санал зөвлөмжийг хэлэлцэн шат шатны шийдвэр гаргагчдад хүргэж, олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг онцлогтой.

 -Энэ удаагийн хурал өмнөх хурлуудаас юугаараа онцлог ялгаатай гэж үзэж байна вэ?

-“Хүүхдийн хөгжил төлөвшил” хурал маань энэ жил НҮБ-ын Хүүхдийн Сан болон Солонгосын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой байна. Ер нь бид хүүхдийн хөгжлийн талаар үйл ажиллагаа явуулдаг, судалгаа хийж байгаа, сургалт эрхэлдэг бүхий л байгууллагуудыг оролцуулж санаа бодлыг сонсох, нийтэд судалгааных нь үр дүнг нь хүргэхийг эрмэлзэж ирсэн. Энэ ч утгаараа НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн Сан дэмжин хамтарч байгаад талархаж байна. Ялангуяа НҮБ-ын Хүүхдийн Сан манай улсын хүүхдүүдийн төлөө олон ажлыг хийж ирсэн чухал түнш байгууллага оролцон дэмжиж байгаа нь хурлын үр нөлөө, хуралд хэлэлцүүлэгдэх судалгааны ажлыг цааш анхааралдаа авч ажил хэрэг болгоход  чухал дэмжлэг болно гэж үзэж байна.  МУБИС-ийн хувьд мөн энэ чиглэлээр сургалт, судалгааны төвтэй, эрдэмтэн судлаачид нь энэ чиглэлд олон ажил хийсэн гэдгээрээ үндсэн зохион байгуулагчаар хамтран оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Хурлын цар хүрээ өргөжин гурван салбар хуралдаантай болсоноор илтгэлүүдийн тоо болон агуулга илүү чанаржиж байна.  Өнгөрсөн жилүүдийн хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн боловсролын газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн туршлага бий.

-Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамруулж байна гэхээр их өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь тодорхой. Энэ удаагийн хуралд илтгэлээ ирүүлсэн судлаачдын талаар та ярихгүй юу?

-Энэ удаагийн хуралд   Боловсролын ерөнхий газар, ГБХЗХГ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэн, ХБХХЕГ, Их дээд сургуулиуд, ЕБС,  цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон эрдэмтэн судлаачдын  40 орчим илтгэлийг хэлэлцэхээр хөтөлбөр бэлэн болоод байна. Нэгдсэн хуралдаанд салбарын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтний бэлтгэсэн 3 үндсэн илтгэл тавигдана.  Эрдэмтэн судлаачид төдийгүй ажлын талбарт хүүхдүүдтэй өдөр бүр ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч-судлаачдын хувьд энэ хурал чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болдог. Сурган хүмүүжүүлэгч багш нарын бодит туршлага судалгаа нь манай хурлын нэн чухал хэсэг байдгийг онцлон дурдаж нөр их ажлынхаа хажуугаар судалгааны үр дүнгээ хуваалцаж байдаг оролцогч багш нартаа талархал илэрхийлмээр байна.

-Хүүхдийн хөгжил төлөвшил гэдэг бүх цаг үеийн суурь судалгаа байдаг. Манай улсад энэ талын судалгаа шинжилгээ, хийгдэж буй ажлууд хэр зэрэг үр дүнтэй байж чаддаг гэж та үздэг вэ? Ер нь манай улсад хүүхдийн хөгжил төлөвшил, хүүхэд эрүүл саруул өсөж торних асуудал ямар түвшинд байгаа вэ?

-Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал бол манай улс шиг хүүхэд залуучуудын оронд төдийгүй бүхий л улс орны хувьд хамгийн гол, амин чухал асуудал. Эцэг эхчүүд, өвөө эмээ гээд анхаарахгүй хүн байх учиргүй сэдэв. Сүүлийн гурав, дөрвөн жил энэ чиглэлийн судалгааны сонирхол ихээхэн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Гадаадын эрдэмтэн судлаачдын энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний бүтээлүүд ч олноор орчуулагдаж байна. Манай судлаачид ч мөн энэ чиглэлээр судалгааны бүтээлүүдээ олон нийтэд хүргэж байна. Үндэсний онцлог, ардын сурган хүмүүжүүлэх зүйн асуудал ч чухлаар тавигдах болж байна. Сүүлийн жилүүдэд нүүр тулсан цар тахлын нөлөө хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг судлаачид анхааралдаа авсан. Цахим сургалтад шилжсэнтэй холбоотой хүүхдийн сурлага хүмүүжилд гарч буй өөрчлөлтүүд ч анхаарал татаж байна. Монгол улс хүүхдэд ээлтэй улс биш боллоо гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ асуудлыг манай хурлын илтгэлүүд мөн тал талаас нь хөндөж байна. АШУҮИС-ийн судлаач эрдэмтэд хүүхдийн ундны хэрэгцээ, өсвөр үеийнхний цахим хэрэглээний асуудлыг салбар шинжлэх ухааны үүднээс судлан илтгэл хэлэлцүүлэхээр ирүүлээд байна. Сургуулийн өмнөх боловсрол, хүүхэд хамгааллын асуудлыг ч мөн илтгэгчид хөндөж байна. Энэ хуралд мөн 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн  үйлчилгээ, чанар, багшийн хөгжлийн асуудлыг судалсан томоохон судалгаа, төслийн үр дүн танилцуулагдаж байгаа нь ч мөн яах аргагүй анхаарал татаж байна. Ер нь хүүхдийг эрүүл аюулгүй орчинд хөгжиж төлөвших боломж нөхцөлийг хангах нь шийдвэр гаргагчдын ч, бидний ч үүрэг байх ёстой. Үүнд манай хурал, хуралд хэлэлцэгдэж байгаа илтгэлүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Цаашид энэхүү хурлын зохион байгуулалт, хамрах хүрээ, үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ?

-“Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний хурлыг бид олон улсын, үндэсний, эрдэмтэн судлаачдын, багш сурган хүмүүжүүлэгчдийн, оюутан судлаачдын, бодлого шийдвэр гаргагчдын дунд, холимог хэлбэрээр гэх зэрэг олон хэлбэрээр зохион байгуулж, тухай бүрийн онцлогийг дараа дараагийн хуралдаа анхаарч тусган хурлын зохион байгуулалтыг сайжруулж ирсэн. Хурал бүр өөрийн онцлогтой, үр дүн нь бодитой байдагт бид баярладаг. Цаашдаа энэхүү хурлаа монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлаар бодлого шийдвэр гаргагчдын анхааран хүлээдэг хурал, бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг төв байлгахыг зорин ажиллаж байна.

-Та бүхний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.

Б.Одгэрэл: Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлыг эрдэмтэд тал бүрээс нь хэлэлцэнэ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.