| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Мах, гурил, шатахууны үнийг зохицуулж барихад 100 сая ам.доллар зарцуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. "Үнийн өсөлтийн эсрэг жагссан залуус 15  шаардлага ирүүлсэн. Уг асуудлаар  ажлын хэсэг байгуулж судалгааны байгууллагуудтай хамтран ажиллажээ.

Жагсагчдын тавьсан шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлигал тэгш бус байдалтай тэмцэх, 12 хувь нь цалин, нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудал байсан.

Мөн зарим шаардлагууд дунд хугацаанд буюу хууль эрхзүйн шинэчлэлтэй холбоотой асуудал буюу  30 жилийн хугацаанд бугширсан шийдвэрлэж чадаагүй асуудал ч байна. Засгийн газар эдгээр асуудлуудыг нэг дор шийдвэрлэх боломжгүй учраас хамгийн их санал өгсөн  үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийг УИХ-д өргөн барьсан. Зарим арга хэмжээний хувьд стандарт бус арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж байна. Тиймээс үнийн тогтворжуулах хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж өнөөдөр тус хууль батлагдлаа.  

Уг хууль батлагдсанаар, мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ.

Мөн Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна. Дээрх багц арга хэмжээнд нийтдээ 100 орчим сая ам.доллар зарцуулна" гэлээ. 

Л.Оюун-Эрдэнэ:Мах, гурил, шатахууны үнийг зохицуулж барихад 100 сая ам.доллар зарцуулна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.