| | USD/MNT 0₮

Тээврийн үнэ өсөхөд, МИАТ-ийн дампуурал, Дарханы замын бүтэлгүйтэлд Л.Халтар сайд буруутай учир ажлаа өг

Зам тээврийн сайд Л.Халтар өчигдөр өөрийгөө өмөөрсөн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байсан. Тодруулбал, үйлийн үрээр би Дарханы замын асуудалтай учирсан гэж хэнэг ч үгүй ярив. Үйлийн үрээр сайд болоод саар бүхэнтэй нүүр тулж яваа юм байх. Угтаа бол энэ сайдад үйлийн үрээс ч их зүйл хурааж хуримтлуулж яваа нь үнэ. 

Жишээлбэл, цар тахалтай тэмцэж хоёр жил болсон манай улс улбар шараас шар түвшин рүү шилжээд удаж буй. Хил гаалийн хорио цээрийн асуудал харьцангуй гайгүй болж чингэлэг тээвэр гэгчээр урд хөрш дээр бөөгнөрсөн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. Гэвч чингэлэг тээврээс болж тээврээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээндээ хүртэл тулж, захиалсан барааныхаа үнээс хэт давсан үнэ төлж ачаа бараагаа авч байгаа иргэд гомдол санал гаргаад ч тусыг эс олсон өдрүүд үргэлжилсээр байна. 

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүний эсрэг залуус нэгдэн өнгөрсөн долоо хоногт төв талбайд жагсаж, төрийн ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн. Ямартай ч Засгийн газрын тэргүүний зүгээс үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ өнөөдрийг нөхцөл байдлыг бий болгосон зарим сайд нарт хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны шаардлага юм. Ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хамгийн том суурь шалтгаан бол тээврийн үнэ хэд дахин өссөнтэй холбоотой. Хил гаалийн удаашралтай үйл ажиллагаан дээр нэрмээс болсон үйл явц шийдвэр бол чингэлэг тээвэр.

Нийгмийн сүлжээнд бичигдсэн ганцхан жишээ дурьдахад, өнгөрсөн оны есдүгээр сард /2021.09/ БНХАУ-ын Эрээний хилээс Улаанбаатарт 70 тонн ачаа 25 сая төгрөгөөр тээвэрлэгдэн ирж байв. Энэ бол иргэн, аж ахуйн нэгжүүдийн хийж байсан тээвэрлэлт. Харин өнөөдөр төрийн оролцоотойгоор чингэлэг тээвэр гэгчийг хэрэгжүүлснээр 26 тонн ачааг 93 сая төгрөгөөр Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлт хийгдэж байна.

Ганцхан энэ жишээгээр ЗТХ-ийн сайд хэрхэн муу менежер хийснийг харж болно. Яг энэ нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, ард иргэд ачааллыг нь даахгүйд хүрээд байна. Тиймээс ЗТХ-ийн сайд Л.Халтар та, яг энэ нөхцөл байдлыг үүсгэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой нэгэн юм. Энд таны хариуцаж байгаа Дарханы замын бүтэлгүйтэл, Төмөр зам, МИАТ-ийн "дампуурал"-ыг нэмэхэд та хэрхэн ажиллаж байгаагаа хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгох биз ээ. 

Тээврийн үнэ өсөхөд, МИАТ-ийн дампуурал, Дарханы замын бүтэлгүйтэлд Л.Халтар сайд буруутай учир ажлаа өг.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.