| | USD/MNT 0₮

УИХ-ЫГ НҮҮЛГЭХ ЯАСАН БЭ?

УИХ-ын дарга Г.Занданшатар нэг жилийн өмнө ордонд болсон нэгэн хурал дээр “Их тэнгэрт төрийн ордон барих хэрэгтэй” гэсэн үг хэлсэн нь сошиал сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулсан.  Агаар сайтай газарт, төсвийн мөнгөөр өөрсөддөө ордон барих гэлээ, түүний оронд  цэцэрлэг сургууль барь гэхчлэн шаагилдсан. Гишүүд, улс төрчдөө ПОП гэж шүүмжилдэг шигээ Монголчууд бид бүгдээрээ дор бүрнээ жалга довын популистууд, бүр тодруулбал ПОП-ын хаад болжээ. 

Шинээр төрийн ордон /парламентын/ барих асуудал өнөөдөр яригдаж байгаа зүйл биш.  2006 онд Кувейтын сангаас парламентын ордон барихад зориулж 12 сая.ам доллар өгье гэснээс хойш л яригдсан ч барих газар олдохгүй байсаар эдүгээ хүрсэн. Ордны зүүн талд буюу хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр Таванбогдын "Галериа Улаанбаатар" боссон, баруун талд нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг баригдсан, тэр ч бүү хэл  ордны арын цэцэрлэгийг устгаад суурин дээр нь барих санал биеллээ олох шахаж байв. Зайдуу гэвэл Яармаг, Нүхт, Зайсан, Ханын материалд барих хэрэгтэй гэсэн саналууд ч гарч байж. Харин яагаад ч юм төрийн ордонтой ойр байх нь дээр гээд л ордон тойруулж газар хайсаар, эцэст нь Кувейтуудын өгөх мөнгийг Түлэнхийн төвийн байшинд зарцуулахаар болоод өнгөрсөн санагдана. Ер нь бол парламентын ордон барих хэрэгтэй. Манайх шиг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нь нэг байшинд чихэлдэн суудаг улс орон ховор байх. Аюулгүй байдал талаасаа ч ийм шаардлага тавигддаг юм билээ. Тиймээс парламентын ордноо бариад, 76 гишүүн тамгын газар, туслах зөвлөхүүдтэйгээ нүүчихвэл ордон бараг суларчихна.

Мөн ерөнхийлөгчийг ч нүүлгэх хэрэгтэй. Одоо амьдарч буй нэгдүгээр сургуулийн зүүн талын байрыг нь томруулаад ерөнхийлөгчийн ордон болгож,  АНУ-ын "Цагаан ордон" БНСУ-ын "Хөх ордон" гэдэг шиг эндээ тамгын газартайгаа ажиллаж, амьдрахад болохгүй юмгүй. Эсвэл Их тэнгэрийн үүдэн талд Хатан туул гэх гурван давхар том байшинг өргөжүүлж, ерөнхийлөгчийн ордонд болгож болох юм. Одоо бол шадар сайд ба ЗГХЭГ-ын дарга амьдардаг,хааяа хурал зөвлөгөөн, хүлээн авалт гэх мэтийг зохион байгуулдаг тусгай арга хэмжээний заалтай байшин байгаа. Их тэнгэрийн хашаанд хувийн компани газар аваад барилга барьж буй, нэг төрийн бус байгууллага хүртэл маш том газар авчихсан тохиолдол бий. Нэгэнт төрийн тусгай хамгаалалтай бүс юм бол хувийн компани байшин барьж байхаар парламентын байна уу төрийн ордноо тэндээ барьчихвал, гадна дотны том хурал зөвлөгөөн хийх танхимтай, ойролцоо нь УИХ-ын гишүүдэд зориулсан орон сууцтай нь ч барьчихад болохгүй юмгүй санагдана. Гишүүний хугацаандаа амьдраад буухаараа дараагийнхдаа суллаад өгнө биз. Тэртээ тэргүй гишүүдэд орон сууцны мөнгө гэж өгдөг болохоор төсвөөс зарах мөнгө төгрөгний хувьд нэг их зөрүү гарахгүй болов уу? Дээрээс нь Зайсан, Их тэнгэрт парламентын ордноо барьчихвал хотын төв хэсгээр замын түгжрэл ч багасах сайн талтай.

Мэдээж одоогийн төрийн ордонг яах гэж байгаа юм гэж үү? Энд Ерөнхий сайд буюу Засгийн газар үлдэнэ. Гол гол яамдууд нүүж орно. Яамдын суларсан байшингуудыг дуудлагаар худалдахад Их тэнгэрт Их хурлын ордон барих мөнгөө бараг олчихно. Хэрвээ сайд дарга нар, гишүүд Их тэнгэрлүү , парламентруу дуудагдах, хурал чуулганд оролцоход замын түгжрэл энэ тэрээс шалтгаалаад хүндрэлтэй байна гэх юм бол хотын даргын яриад байгаа “cable car” буюу агаараар явдаг дүүжин тэрэгний үйлчилгээгээ хурдан нэвтрүүлнэ биз. Энэ мэт шалтгаануудаас үзэхэд шинээр парламентын ордон барих, тэр тусмаа хотын төвөөс өөр газар барих нь эсэргүүцээд байх зүйл биш. УИХ-ыг нүүлгэх яасан бэ, УИХ-ын дарга аа? Таны санал хаана хүрээд гацчихав?

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.