| | USD/MNT 0₮

Дэлхийн зах зээл дээр савлагаатай байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнээс болж, Монголд шатахууны үнэ ингэж өсөв

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнийн өсөлтөд ард иргэд гүйцэгдэв-

Цар тахал болон хил гаалийн асуудлаас болж дээр нь дэлхийн зах зээл дээр сүүлийн 8-9 жил үзэгдээгүйгээр өсч байгаа газрын тосны бүтээгдэхүүний өсөлттэй үнээс болж, Монголд шатахууны үнэ тогтмол өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гүйцэгдэхээ байв. Хэдхэн жишээ хэлэхэд жижиг талх 2100 төгрөгт хүрч, цагаан будаа 1кг нь 6000 төгрөг, ургамлын тос 1л нь 9000 төгрөгт хүрсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хэд хэдэн шалтгаан байгааг мэргэжлийнхэн болон албаныхан тайлбарлаж байгаа. Шатахууны үнэ яагаад өссөнийг ч мөн тайлбарласан. Өнөөдрийн нөхцөл байдал ард иргэдийн аж амьдралд үнэхээр хүндээр нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдсээр байгаад АИ-92 шатахууны үнэ 2390 төгрөгт, АИ-95 шатахуун 3060 төгрөгт хүрч, бусад дизель болон шатахуунууд ч үнэ нь тогтмол өсчээ.

2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд Шатахууны үнийн зөвлөлөөс дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэтэй уялдуулан шатахууны үнийг өөрчилж байх шийдвэрийг гаргасан. Тухайн үед литр тутамд АИ-92 шатахуун 2050 төгрөгөөр худалдаалагдаж байв. Үүнээс хойш дөрвөн сар дараалан нийт 340 төгрөгөөр нэмэгдлээ.  Харин цар тахлын үед цаг сайхан байжээ гэж иргэд ярьж байна. Яагаад гэвэл, Засгийн газар цар тахлын үед айл өрхүүдийн цахилгааныг тэглэж, шатахууны үнийг 1400 төгрөгт барьж “бэлэг” барьсан тэр жил нь сонгуулийн ч жил болж таарсан. Сонгууль дууссан, аажмаар шатахууны үнэ нэмэгдэж эхэлсэн. 

Шатахууны үнэ өсөх шалтгаан юу байв

Засгийн газар цар тахлын үед айл өрхүүдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж, шатахууны үнийг ч /хүчээр/ барьж байв. Монголчуудын хэрэглээний 80 гаруй хувийг эзэлдэг АИ-92 авто бензинийг Шатахуун түгээх станцууд литр тутамдаа 1450 төгрөгөөр борлуулж байсан бол өнгөрсөн 2021 оны долдугаар сараас эхлэн нэмэгдсээр 2390 төгрөгөөр борлуулж буй. Энэ цаашлаад 2400 төгрөгөөс ч дээш зарагдах нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа.

Тэгвэл шатахууны үнэ өсөх шалтгаан юу байна вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь дэлхийн зах зээл дээр Газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр шатахууны үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Сүүлийн нэг жил энэ үнэ тогтмол өссөн гэдгийг хэлж байна. Нөгөөтэйгүүр ОХУ Укрианы хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн газрын тосны үнэ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. Мөн Барууны орнуудад хилийн хориг тавьсантай ч холбоотой гэдгийг тайлбарлаж байгаа юм. Учир нь манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ ОХУ болон Хятад, Солонгос улсаас импортоор авдаг. Ялангуяа ОХУ-аас 90 хувийг нь оруулж ирдэг. Тийм учраас дайн байлдаантай шууд холбож ойлгож байна. ОХУ өөрөө газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч хоёр дахь том улс. Тэгэхээр ОХУ-ын эсрэг тавьсан Барууны орнуудын хориг, бусад арга хэмжээнүүдтэй холбоотой Оросын экспорт багасаад үүнийг дагасан эрэлт ихэссэж нийлүүлэлт багасгасан учраас газрын тосны үнэ өсч байна.

Хил үнийн өсөлттэй холбоотойгоор хоёрдугаар сард шатахууны үнэ нэмэгдсэн

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр тайлбарлахдаа “Газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хоёрдугаар сарын импортын хил үнэ нэмэгдэж ирсэн. Тодруулбал А-80, Аи-92, Аи-95, Аи-98 төрлийн автобензиний 2022 оны хоёрдугаар сарын импортын хил үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 86 ам.доллараар өсч, А-80 автобензин 803 ам.доллар/тн, Аи-92 автобензин 833 ам.доллар/тн, Аи-95 автобензин 903 ам.доллар/тн, Аи-98 автобензин 953 ам.доллар/тн болсон бол дизель түлшний хил үнэ 94 ам.доллараар өсч, 799 ам.доллар/тн болсон. Хил үнийн өсөлттэй холбоотойгоор хоёрдугаар сард шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдалд хүрсэн. Ерөнхийдөө Монголын дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ импортын үнэтэй уялдаатай, шууд хамааралтай.

Гадаад зах зээлийн дээрх газрын тосны үнийн өсөлтийг дагаад ОХУ-аас нийлүүлж буй импортын үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ нэмэгдсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар 45 хоногийн нөөц хэвийн байгаа” гэв.

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээр шатахууны үнэ өсчээ

Шатахууны үнэ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй шууд холбоотой гэж тайлбарлаж байна. Олон улсад эдийн засаг сэргэсэн учраас газрын тосны эрэлт хэрэгцээ сайжирч эхэлжээ. Үүнийгээ дагаад  дэлхийн зах зээлд мэдээж үнэ өснө. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ 2022 ондоо тогтмол үнэ өснө. Энэ оны 11 дүгээр сараас Шатахууны биржийн үнэ тонн тутамд 100 ам.доллараар өсчээ. Энэ өсөлт импортлогч биш манай оронд шууд нөлөөлсөн байна. Ер нь газрын тосны үнэ савлагаатай хэлбэлзэлтэй байгаа учраас манай улсад нөлөөлж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. ОХУ-ын Роснефть компаниас манайд нийлүүлэх дараа сарын шатахууны үнээ, өмнөх сарын сүүлчээр ирүүлдэг байна. Жишээлбэл хоёрдугаар сард газрын тосны үнэ ямар байсан түүн дээр суурилж манайд нийлүүлэх импортын үнэ гарч ирдэг юм байна.

Энэ сард шатахууны үнэ 10-18 хувиар нэмэгдэнэ

Одоо байгаа үнэ энэ дөрөвдүгээр сард дахин нэмэгдэнэ гэдгийг шинжээч эдийн засгийн судлаачид хэлж байна. Тодруулбал, энэ сард шатахууны үнэ 10-18 хувиар өснө гэв. Өөрөөр хэлбэл одоо зарагдаж байгаа АИ-92 шатахууны үнэ литр нь 2500 төгрөгөөс дээш зарагдахыг үгүйсгэхгүй юм. Орон нутагт 3000 төгрөгөөр зарагдаж байгаа учраас үүнээсээ дээш үнэтэй зарагдаж ч мэднэ. Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ сүүлийн 8-9 жил ажиглагдаагүйгээр өслөө. Энэ бол маш өндөр савлагаа. Хоёр жилийн өмнө ковидын асуудлаар нефтийн үнэ 20 ам.доллараас доошоо орж байсан гэтэл өнөөдөр 120 хүрчихсэн байна. Одоо Европод үүсч байгаа асуудлуудтай уялдуулаад үнийн савалгаа хэлбэлзэлтэй байна. Манайх Сингапурын зах зээл дээр худалдаалж байгаа үнээр шатахуунаа авдаг учраас үнийн хэлбэлзлийг шууд авч байна. Цаашдаа шатахууны үнийн хэлбэлзэл байх болов уу гэсэн тооцоолол байгаа. Зах зээлийн зарчим руу шилжүүлэх процесс үе шат байх ёстой. Шатахууны үнэ хэдэн төгрөгт хүрэхийг олон улсын шинжээчид ч прогноз хийж мэдэхгүй байна. Европод болж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор прогноз хийхээс татгалзаж байна. Ганц шатахуун биш дэлхийн зах зээл дээр үнэ өссөн бараа бүтээгдэхүүн олон байна. Тэгэхээр үнийн өсөлт Монголд мэдэгдэнэ. Гадны зах зээлтэй шууд хамааралтай учраас хэр хэлбэлзэнэ тэр чинээгээрээ орж ирнэ гэсэн үг” гэлээ. 

Төр болон шийдвэр гаргагчдаас шатахууны үнийг хүчээр барьж, зохицуулах ямар ч боломжгүй

“Ард иргэд шатахуун үнэтэй байна. Төр засаг үнийг зохицуулж барьсангүй” гэх шүүмжлэлийг байнга гаргадаг. Чөлөөт зах зээлтэй улс, зах зээлийн зарчмаараа явж байгаа учраас төр үнийг хүчээр барьж, зогсоох ямар ч боломжгүй. Зохицуулалт хийх ч эрхгүй юм. Хэрвээ төр засаг үнэ тогтоох, үнэ бууруулах ажилд хүчээр оролцох юм бол шатахууны хангамж тасалдана гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Яагаад гэвэл ААН, компаниуд өөрсдөө шатахуунаа импортоор оруулж ирдэг учир төр болон шийдвэр гаргагчид шууд нөлөөлөх боломж байхгүй. Гэвч шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас гадны зах зээлээс хамааралтай гэдгийг эдгээр өдрүүдэд харж байна. Үнэ буурах боломж бий юу гэхээр Европийн холбооны улсуудад үүссэн нөхцөл байдал намжих, мөн хил гааль нээлттэй болсноор импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн тодорхой хувиар буурна гэдгийг эдийн засагчид мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл шатахууны үнэ өсөх шалтгаан юу байна вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь дэлхийн зах зээл дээр Газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр шатахууны үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Сүүлийн нэг жил энэ үнэ тогтмол өссөн гэдгийг хэлж байна. Нөгөөтэйгүүр ОХУ Укрианы хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн газрын тосны үнэ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. Мөн Барууны орнуудад хилийн хориг тавьсантай ч холбоотой гэдгийг тайлбарлаж байгаа юм. Учир нь манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ ОХУ болон Хятад, Солонгос улсаас импортоор авдаг. Ялангуяа ОХУ-аас 90 хувийг нь оруулж ирдэг. Тийм учраас дайн байлдаантай шууд холбож ойлгож байна. ОХУ өөрөө газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч хоёр дахь том улс.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.