| | USD/MNT 0₮

Дарга нарынхаа цалинг 50 хувиар нэмсэн Г.Занданшатар ард иргэдийг "ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖ" гэж уриалав

УИХ-ын өчигдрийн /2022.03.31/ чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Зандашатар “Засгийн газар бүхнийг чадагч бурхан биш. Төсөв мөнгө нь хязгаартай. Олж байгаа хөрөнгө, гаднаас орж ирж байгаа валютын хэмжээ хязгаартай.

Тиймээс ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж, дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитойгоор ойлгож, улс төрийн хүчнүүд ч асуудлыг хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитой хандаж, гадаад харилцаа олон улсын байдалд хэт туйлшралгүй байж, нэг санаа нэг бодолтой байх хүнд хэцүү цаг тулгарч байна” гэж хэлсэн.

Түүний цаг үеэ олоогүй, бодит амьдралд нийцээгүй энэхүү уриалга нь олны шүүмжлэлд өртөж, дургүйцлийг нь хүргэж байна. Учир нь өнөөдөр төгрөгийн ханш унаж, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд тог, цахилгаан зэрэг бүх төрлийн үйлчилгээний үнэ өссөн байна. Гэтэл эсэргээрээ цалин, тэтгэвэр, тэтгэмж өсөөгүй. Энэ нь иргэдийн санхүүг доройтуулж, дундаж амьдралтай өрхийг нь ядуу ангилалд оруулах эрсдэлтэй болсон гэж эдийн засагчид анхааруулсан.

Өнөөдрийн нөхцөл байдалд ороход өмнөх болон одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн буруутай бодлогын үр дүн нөлөөлсөн гэж эдийн засагчид мөн хэлсэн байдаг.

Учир нь 2020, 2021 оны УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэн шатахуун болон тог, цахилгаан, ус зэргийн үнийг "хүчээр" барьж байсан. Энэ нь инфляцийг хөөрөгдүүлж, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөн төгрөгийн ханшийг унагасан. Гэтэл өөрсдийн буруутай бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа горыг ард түмэнд үүрүүлчхээд "хэмнэлтийн горимд шилж" гэж уриалж буй нь олон нийтийг доромжилж буйгаас ялгаагүй.

Нөгөөтэйгүүр ард иргэд өнөөдөр хэмнэлт хийхээр хангалуун амьдраагүй байна. Учир нь хөдөлмөрийн хөлс нь амьжиргааны хэрэгцээнд нь хүрдэггүй. Гэтэл нэмж юуг хэмнэх ёстойг Г.Занданшатар дарга тодорхой тайлбарлах ёстой.

Эсрэгээрээ хэмнэлтийг Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эхлээд төрийн бүх байгууллагууд дарга нараас эхэлж хийх ёстой гэдгийг иргэд хэлж байна.

Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар эсрэгээрээ 2020 оны УИХ-ын 42 дугаар тогтоол гаргаж түүгээрээ тамгын газрын дарга нарынхаа цалинг ИТГЭЛЦҮҮР нэрээр нэмсэн байна. Тодруулбал, энэ тогтоолоор ЕТГ, УИХ тамгын газар, ЗГХЭГ дараа нь яамдын дарга нар бүгд цалингаа итгэлцүүр нэрээр 50-270 хувиар нэмжээ.

Итгэлцүүр гэдэг нь үндсэн цалинг итгэлцүүр гэх тоогоор ҮРЖҮҮЛЭЭД, үндсэн цалин дээрээ нэмж авна гэсэн үг. Жишээ нь, УИХ-ын даргын үндсэн цалин 2,0 сая төгрөг гэж бодоход, үүнийгээ 3,03-аар үржүүлнэ. Тэгээд үндсэн цалин болох 2,0 сая дээрээ нэмж авна гэсэн үг.

2,000,000+2,000,000x3,03=8,060,000 төгрөг. Үүн дээрээ удаан жил, онцгой нөхцөл, зэрэг дэв, нууцын гээд нэмэгдлүүд нь орж ирнэ.

Эх сурвалж: ISEE.MN

 

 

Дарга нарынхаа цалинг 50 хувиар нэмсэн Г.Занданшатар ард иргэдийг "ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖ" гэж уриалав
Улс төр

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.