| | USD/MNT 0₮

Ц.Мөнхцэцэг Ч.Ундрам нарын гишүүд Боловсролын яамны бодлого тэгш бус, хүртээмжгүй байна гэж шүүмжиллээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцуулж, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар гүйцэтгэлээ үнэлсэн байдал нь бодит байдалд нийцэхгүй, хангалтгүй, яамны бодлого тэгш бус, хүртээмжгүй байгаа талаар шүүмжилж, цаашид бодит үр дүн гаргахыг шаардаж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ "2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ хоёр бодлогын баримт бичгийн аль алинд нь төрөөс боловсролын салбарт явуулах бодлогыг “Хүн бүр чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан.

Тодруулбал, нийгмийн цөөнх, аль нэг хэсэгт давуу тал олгохгүй, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, “Алсын хараа 2050” хөтөлбөрийн үндсэн зарчмын дагуу тэгш хүртээмжтэй боловсролыг УИХ дэмжсэн. Ингэхдээ бодлогын баримт бичгүүдэд Кембрижийн гэх мэт аль нэг улсын хөтөлбөр сургалтыг онцгойлж дэмжихгүйгээр “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ” гэж УИХ баталсан. Гэтэл яам бодлогын алдаа гаргаж, суурь концепцийг үндсээр нь мушгисан ажил хийж байгаа нь харамсалтай. 

2020 онд шинэ УИХ Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг батлахдаа боловсролын суурь концепцийг хүн бүрт тэгш хүртээмжтэй боловсрол байна, олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжинэ гэж үндсэн зарчмаа тодорхойлсон. Гэтэл үүнээс хойш хоёр жилийн хугацаанд БШУЯ-наас оруулж ирсэн энэ гол үндсэн зарчмыг маш буруу ойлгож,  суурь концепцийг үндсээр нь мушгисан ажил хийж, 70 хувьтай байна гэж оруулж ирж байгаа нь харамсалтай. Хэрвээ Боловсролын яам Монголын үндэсний боловсролын суурь зөвхөн Кембриж гэж харж байгаа бол үнэхээр тусгаар улсын боловсрол, тусгаар улсын бодлогод маш ноцтой алдаа гарна. Бид энэ талаар маш олон удаа хэлэлцэж, монгол хүүхэд бүрт хүртээмжтэй, монгол хүүхдийг бэлддэг, монголын үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай болно гэсэн зарчим дээр санал нэгдсэн. Гэтэл яамны хоёр жилийн хийсэн ажил зөвхөн Кембрижийн хэдэн сургуулийн жишээн дээр оруулж ирсэн. Энэ бол суурь концепцоо тэс эсрэгээр буюу хүртээмжгүй, тэгш бус байдалтай, маш цөөхөн хүүхдийг сонгон шалгаруулж авдаг, маш өндөр төлбөртэйгөөр санхүүжүүлдэг болгож байна. Тэгэхээр бид нийтэд хүртээмжгүй, тэгш бус ийм боловсролыг дэмжих ёсгүй. Яам энэ дээр бодлогын үнэхээр том алдаа гаргасан байна" гэв.

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцуулж, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар гүйцэтгэлээ үнэлсэн байдал нь бодит байдалд нийцэхгүй, хангалтгүй, яамны бодлого тэгш бус, хүртээмжгүй байгаа талаар шүүмжилж, цаашид бодит үр дүн гаргахыг шаардаж байр сууриа илэрхийллээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.