| | USD/MNT 0₮

ЖДҮ-ЧИН ГИШҮҮД ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИХ ЭРХ БОЛООД НҮҮРТЭЙ ЮУ

Өнгөрсөн жил өрнөсөн нэг гол сэдэв бол ЖДҮХС-аас эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан ЖДҮ-чин УИХ-ын гишүүд байлаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өөрсдийнхөө үүсгэн байгуулсан компани болон банк бус санхүүгийн байгууллага руу оруулж, иргэдэд өндөр хүүтэй зээлүүлж, мөнгө хүүлдэг байсан гишүүд жирийн ард иргэдийнхээ боломжийг булаасандаа ичээгүй, эмзэглээгүй юм.

Зарим нь бүр “Би зээл авснаа мэдэхгүй. Зээл авснаас хулгай хийгээгүй шдээ” гэх мэтээр өөрийгөө өмгөөлж бусдыг буруутгаж байсан. Уг нь бол тэдэнд өөрсдийгөө өмгөөлөх эрх байхгүй юмсан.

ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэрс болоод компанийн мэдээлэл нэгэнт тодорхой болсон. Хуулийн байгууллагаас ч хэргийг шалгаж шийдвэрлэхээр ажиллаж буй. Гэхдээ төрийн гэх тодотголтой хуулийн байгууллагын ажил өнөөдөр гацсан байдалтай байна. Хэрэг нь шийдвэрлэгддэгүй. Иргэний хэргийн шүүх дээр очихоор гишүүд ирдэггүй. Өнөөдөр гэхэд ЖДҮХС-тай холбоотой шүүх хурал болох байсан ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ирээгүй байна. Түүнээс болж шүүх хурал удаа дараа хойшилж байна. Тиймээс хуралдаа ирнэ үү хэмээн хуульч Ж.Эрхэмбаатар өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Тэгвэл ЖДҮХС-аас зээл авч өөрийн хамаарал бүхий компани болоод аж ахуй нэгж, банк бус санхүүгийн байгууллагадаа “хөрөнгө” оруулалт хийсэн гишүүд хэн бэ. Тэднийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх үү. Өөрсдөө ч нэрээ дэвшүүлэх нь хэр ёсзүйд нийцэх вэ.

Тухайлбал, 1.УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн 100 хувийн эзэмшлийн "Доктор МЭИК" ХХК-д ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл,

2.УИХ-ын гишүүн Г.Солтан мөн өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл,

3.УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн,

4.УИХ-ын гишүүн Л.Энхболд төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-д ЖДҮХС-аас 1,3 тэрбумын зээл тус тус авсан байгаа юм.

Дээрх гишүүд сонгогдсон тойрогтоо нэр дэвшинэ хэмээн тойргоо байн байн эргэж, услаж яваа сурагтай. Үнэн хэрэгтээ бол бусдын боломж буюу хоолыг булаасан эдгээр гишүүдийг дахин гаргаж ирэхгүй байх эрх нь сонгогч бидний гарт бий шүү. Хэрвээ дахиад сонгогдвол мөн дахиад л бидний боломжийг булааж мэдэх ширэн нүүртэнүүд.

Энэ жилийн сонгуулийн тухайд эрх баригч нам нэр дэвшигчдийн ёсзүйг харгалзан үзнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Үнэхээр ёсзүйг нь харах юм бол ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байя.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Бүгд л яригдана. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдийг намынхаа түвшинд авч хэлэлцэнэ. Иргэдийн зүгээс дургүйцэж байгаа зүйлсийг сонсож нам дотроо шийдвэрлэнэ. Улс төрийн намын сонгуульд ялалт байгуулах үндэс бол нэр дэвшигч шүү дээ. Тэгэхээр нэр дэвшигчдийн өнгөрсөн, ирээдүйн олон асуудал яригдана. Гэхдээ бид ихэвчлэн ирээдүйд улстөрчдийн ёс зүй ямар байх юм бэ, ард иргэдийн хүсч байгаа нэр дэвшигч хэн бэ гэдгийг л голлож авч үзэж, нэр дэвшигчдээ сонгоно” гэсэн юм.

Тиймээс дахин онцолж хэлье, ЖДҮ-чин гишүүдийг сонгохгүй, их хуралд дахин гаргахгүй байх эрх нь сонгогч бидний гарт байгаа шүү.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Бүгд л яригдана. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдийг намынхаа түвшинд авч хэлэлцэнэ. Иргэдийн зүгээс дургүйцэж байгаа зүйлсийг сонсож нам дотроо шийдвэрлэнэ. Улс төрийн намын сонгуульд ялалт байгуулах үндэс бол нэр дэвшигч шүү дээ. Тэгэхээр нэр дэвшигчдийн өнгөрсөн, ирээдүйн олон асуудал яригдана. Гэхдээ бид ихэвчлэн ирээдүйд улстөрчдийн ёс зүй ямар байх юм бэ, ард иргэдийн хүсч байгаа нэр дэвшигч хэн бэ гэдгийг л голлож авч үзэж, нэр дэвшигчдээ сонгоно”
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.