| | USD/MNT 0₮

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ: Карго ачааны зардал өмнөх жилийнхээс 5 дахин өсчихсөн. Нэг жижиг ачаагаа бид сая төгрөгөөр авч байна

Иргэд болон жижиглэн худалдаа эрхлэгчид нэгдэж, ШӨХТГ-т үнийн өсөлтөд хяналт тавьж, иргэдийн нуруун дээр ирж буй маш олон ачаанаас хөнгөлж өгч, нэр шигээ ажлаа хийхийг сануулж шаардлага хүргүүллээ. Мөн тэд цааш үнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахыг Төрийн гурван өндөрлөгөөс шаардаж бичиг хүргүүлэхээр Ордны зүг явсан юм.

Биднийг очиж сурважилга бэлтгэж байх үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсч, иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж тэр хирээр амьдрал дордож, бухимдал нэмэгдсээр буйг онцлон хэлж байв.

Жижиглэн худалдаа эрхлэгч хэлэхдээ: Үнийн өсөлт үнэхээр хүнд байна. Бид үйлдвэрлэгч орон биш. Дандаа гаднаас бүтээгдэхүүнээ авдаг. Гэтэл чингэлэг тээвэрт хамрагдчихсан. Чингэлэг тээврийн зөвхөн зардал нь өмнөх жилийнхээс 5 дахин нэмэгдчихсэн.

Зөвхөн тээврийн зардал нь тав дахин өсчхөөд байна. Бид өмнөх жил нэг ачааг 300 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 1,5 сая төгрөгөөр авч байна.

Ачааны зардал өсөхөөр бид нарын барааны үнэ өсөхөөс өөр аргагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар цалин өсөөгүй барааны үнэ 7 хоног бүр өсөөд байхаар иргэд бухимдах нь аргагүй. Цалин бага иргэд өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах нь эрс багасаад байна.

Иргэд биднийг үнэтэй зарж байна. Та нар шулж байна гэж бид нарт бухимдлаа гаргадаг. Мэдээж шүү дээ. Цалин нь өсөөгүй. Гэтэл барааны үнэ өсөөд байхаар яаж худалдан авах билээ. Тэгэхээр худалдан авах чадвар багасгахаар бидний борлуулалт багасаад байна. Шат шатаар бидний амьдрал дордоод байна.

Тэрийг ойлгохгүй МУУ САЙН НАЙМААЧИД гэж хэлдэг. Энэ бол яах ч аргагүй тээврийн зохицуулалт шаардлагатай. Энэ зохицуулалтыг энэ ШӨХТГ хийх ёстой.

Ажлаа хийх ёстой шүү дээ. Энэ газар ирээд шидээд өгөөч ээ гэхээр нэг өрөөнд ороод нуугдаад байна. Бид нараас айгаад байна. Ажлаа хийхийн оронд бид нараас нуугдаад байж байх хэрэг байна уу. Чаддаг хүндээ ажлаа өгөх хэрэгтэй.

-Хэзээнээс иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан бэ?

-Корона гарснаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Бид нарыг бүтэн хагас жил шахуу наймаанд гаргаагүй. Зөвхөн наймаагаараа амьдардаг иргэд маш олон байгаа. Тэд нарын амьдралыг хумьж хаячхаад одоо зугтаад байна шүү дээ.

Чингэлэг тээвэр гэж нэг юманд оруулчихсан. Тэр нь амандаа орсон үнээ хэлж байна. Арай дэндүү байна. Тэгэхээр бухимдахаас өөр арга алга.

-Та түрүүн яриандаа хэллээ л дээ. Ачааны зардал өмнөх жилийнхээс 5 дахин өссөн гэж. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид нар цахимаар урдаас бараагаа захиалдаг. Бараа ирэхээр бид нараас ачааны тээврийн зардал өмнөх жилийнхээс 5 дахин нэмэгдсэн байна. Нэг бондгор ачааг доод тал нь нэг сая төгрөг болчихсон. Хэнийх нь тогтоосон ханш юм бүү мэд. Яагаад ийм үнэтэй байгаа юм. Нэгэнт мөнгөө өгөөд бараа захиалчихсан хүмүүс тэрийгээ авахаас өөр аргагүй. Арай гэж захиалсан бараагаа ирсэн хойно нь авах гэж бөөн юм болж байна. Ийм юмнаас болж ард түмэн худалдаа эрхэлж байгаа хүмүүс сөхөрч байна.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ: Карго ачааны зардал өмнөх жилийнхээс 5 дахин өсчихсөн. Нэг жижиг ачаагаа бид сая төгрөгөөр авч байна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.