| | USD/MNT 0₮

Б.Баярмаа:Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидын 30 хувь нь жирэмсэн болсон байдаг

Нийслэлийн нэгэн сургуулийн багш Б.Баярмаа нь ангийнхан нь охин төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж жирэмсэн болсон талаарх мэдээллийг олон нийтэд цацаж, шүгэл үлээгч болсон. Тэрбээр сургуулийн өсвөр насны охидоо хүчирхийллээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийн тулд Охидоо хайрлая хамгаалъя гэсэн уриатай жагсаал цуглааныг хийж, иргэдээс гарын үсэг цуглуулж, дорвитойхон ажил хийхийг санаачилж, эмэгтэй гишүүдэд гаргасан санал зөвлөмж, гарын үсгээ цуглуулж өгсөн байгаа билээ. Ингээд түүнтэй ярилцаа.

-Таны хувьд “Маргаашаа хайрлая” уриатай жагсаалыг зохион байгуулсан. Жагсаал цуглааны үр дүн байсан уу?

-Зөвхөн охидууд биш хөвгүүд маань ч хүчирхийлэлд өртөж байгаа учраасаа ирээдүйгээ хайрлая гэсэн уриатай хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хэрэг гарсны дараа хүн бүхэн амандаа шуугилдаж шаагилдаж хар пиар хийгээд байх юмуу. Эсвэл гарц шийдлийг нь олж ийм төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр тууштай ажиллах шаардлагатай байна. Харин ийм хэргийг цаашид гаргахгүй тулд ямар дорвитой арга хэмжээг авч ажиллах вэ гэдгээ ярилцсан. Гарц шийдлээ гаргаж УИХ-ын эмэгтэй гишүүдэд санал хүргүүлсэн. Бодитой төсөл хөтөлбөр гаргаж урт хугацаанд байсан ч хамаагүй үр дүнтэй ажил хийж яваасай гэж хүсэж байна.

-Таны хувьд бодитой кэйс ярьсан. Тухайлбал, 12 настай охиныг төрсөн эцэг нь удаа дараа хүчирхийлж, жирэмсэн болгосон байсан гэх. Охин сэтгэл санааны хувьд болон биеийн хувьд ямар байгаа нь ойлгомжтой болов уу?

-Хохирогч охины тухайд бол одоо мэдээлэл өгөхгүй. Би хууль мэдэхгүйгээс болж эрт түргэдэж мэдээлэл өгсөн нь эргээд хохирогчоо эрсдэлд оруулах аюултай гэдгээ хуулийн байгууллагаас мэдсэн. Тиймээс кэйсийн тухайд ярих боломжгүй. Мэдэгдэж байгаа нь энэ кэйс боловч цаана нь мэдэгдэхгүй байгаа маш олон кэйс бий.

-Тэгвэл иймэрхүү хэлбэрээр далд үйлдэгддэг гэмт хэрэг нийгэмд их бий. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос мэдэгдэхгүй хав дарагдсан хэргүүд байгаа л байх?

-Бидэнд одоо хийсэн судалгаа байна. Нийт хохирогч хүүхдүүдээ анхаармаар байна. Гэтэл нийгэм нэг зүйлдээ хэт анхаараад байх юм. Гэвч ийм төрлийн хэргүүд маш их байна. Жишээлбэл тооны хувьд хэлэхэд 2019 онд 253, 2020 онд 330, 2021 онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Эдгээр хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн тухайд гэвэл 58 хувь нь ойрын хүрээлэл буюу ураг төрөл, өвөө аав, ах, нагац авга нар нь гэх мэт.

-Ийм төрлийн гэмт хэрэг гарлаа ч нуун дарах шалтгаан нь нөгөө л ах дүү амраг садангууд холбоотой байх. Гэвч насанд хүрээгүй охин бие болон сэтгэлдээ насан туршдаа маш том шарх аваад үлдэж байна?

-Тийм. Монголчууд чинь нэр төрөө эрхэмлэдэг. Нэр нүүрээ боддог. Өөртөө хайртай, ургаа боддог. Садан төрлийн ойрын хүмүүс холбогддог учраас бид нар гомдолгүй гэж хүсэлтээ хуулийн байгууллагаас буцаагаад татчихдаг юм билээ. Ийм үйлдэл нь хүүхдээ хохироож байна гэсэн үг. Бид нар ирээдүйгээ бодохгүй бол болохгүй. Хэдий таны гэрт таны ойр орчимд ийм үйлдэл гараагүй ч дараа нь гарахыг үгүйсгэхгүй.

-Ийм эрсдэл болзошгүй байдлаас урьдчилан сэргийлье гээд байна. Яг ямар хүмүүс урьдчилан сэргийлэх ёстой юм бэ. Аав ээж нь үү эсвэл хороо нийгмийн ажилтан, анги удирдсан багш сургуулийн нийгмийн ажилтан уу. Гэтэл хайрлах ёстой аав нь охиноо хүчирхийлнэ гэдэг аймшигтай?

-Үр хүүхдээ хайрлаж хамгаалж, ийм зүйлээс урьдчилан сэргийлэхийг бүр багаас нь буюу цэцэрлэгээс нь эхлэх ёстой. Цэцэрлэгийн хүүхдэд чиний биед хүн зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Хувь хүний орон зай гэж юуг хэлэх юм гээд бүгдийг нь ойлгуулах ёстой. Бас ийм аюулд орсон үед өөрийгөө яаж хамгаалах, хэнд хэлэх ёстой вэ гэдгийг шат болгонд зааж сургах ёстой. Бүр сургууль цэцэрлэгт хөтөлбөр болгоод оруулах ёстой. Нөгөөтэйгүүр эцэг эхчүүдэд сэтгэлийн боловсрол гэж юу байдгийг зааж сургамаар байна.

-Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлнэ гэдгийг сонсохоор бүр шоконд орох битгий хэл юм болоод байна?

-Энэ бол мэдэгдсэн ганц кэйс шүү дээ. Гэтэл үүнээс өөр аймшигтай олон кэйсүүд байна. 3-7 жил хүчирхийлсэн байх. Хүчирхийллүүлсэн охидын 30 хувь нь жирэмсэн болсноос 5-10 насны охид 13 хувийг нь эзэлж байх жишээтэй. Бодоод үзэхээр яаж жирэмсэн болох вэ гэж бодогдоно. Уг нь боломжгүй юм шиг санагдах ч эрүүл мэндийн судалгаагаар хүний нас богиносч байгаатай холбоотойгоор охидын сарын тэмдэг эрт ирэх ч гэх юмуу. Ийм кэйсүүдээс бид нар аль нэгийг нь сонгохгүй. Харин нийгэмд хавтгайрч байгаа энэ асуудал юунаас болоод байна вэ гэдгийг уг суурьтай судалж үзэх хэрэгтэй байгаа юм. Зүгээр бүгдээрээ урьдчилан сэргийлье. Ямар нэгэн зүйлийг дэвэргэж сенсааци тарьж ярих биш, харин урьдчилан сэргийлэх гарц зам, шийдлүүдээ яръя.

-Хүчирхийлэлд өртсөн охидууд яагаад ээждээ болон эсвэл багшдаа хэлж иймэрхүү зүйлийг болохоос өмнө урьдчилж хэлж, таслан сэргийлж болдоггүй юм бол?

-Дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзаж асуусан. Хэрвээ иймэрхүү зүйл тохиолдвол аав ээждээ хэлэхгүй гэж байна билээ.

-Яагаад?

-Яагаад гэвэл аав ээж нь хүүхдүүдээ сонсдоггүй, ойлгодоггүй. Ойрхон байдаггүй учраас хүүхдүүд найзууддаа болон сургуулийнхаа сэтгэлзүйчид яриад өнгөрнө гэж байна билээ. Асуудлаа хэлэхээр урдаас шууд загнадаг. “Би ийм байгаагүй, чи ингэлээ” гэх мэтээр буруутгадаг гэсэн. Хүүхдээ сонсч найз нөхөд шиг байж чадахгүй байна. Ийм учраас хүүхдүүд үерхэл нөхөрлөлийн талаар ярихгүй, харин ч ийм асуудлыг нууж хаадаг болжээ.

-Тэгэхээр эцэг эхчүүдэд зориулсан сургалт бас хэрэгтэй юм шигээ?

-Тийм. Өнөөдөр хүүхдүүд нь ямар аюулд байгаа билээ ямар нийгэмд сурч боловсорч байгаа вэ гэдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг сургууль дээр тогтмол явуулдаг баймаар.

-Сургуульд эрүүл мэндийн хичээлээр яг юу заадаг юм бэ?

-8-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл гэж орно. Үүнд нөхөн үржихүйн хичээл орохоос хүүхдийн үерхэл хайр дурлал, гэр бүл төлөвлөлт гэж юу байдгийг маш сайн зааж сургах хэрэгтэй.

-Таны хувьд 12 настай охины кэйсийг гаргаад иртэл янз бүрийн дарамт шахалт дайралт ирсэн гэх?

-Тийм. Би мэдэхгүйгээс болж мэдээлэл задруулсан гэх асуудалд орсон. Би хохирогчоо илүү эрсдэлтэй байдалд оруулсан байна гэдгээ ойлгосон учраас энэ талаар хүмүүстэй дахиж ярихгүй. Гарц гаргалгаагаа яръя.

-Одоо охины биеийн байдал ямар байгаа юм бол?

-Тэр талаар ямар ч мэдээлэл өгөхгүй. Урьдчилан сэргийлэхэд ямар ажил хийж акц өрнүүлэх вэ гэдгээ л би ярина. Ямар нэгэн хэргийг нийтэд ярихгүй. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эцэг эхчүүд болон иргэн хүмүүс УИХ-ын гишүүд дуугараасай гэж хүсэж бодож байна. Үр хүүхдүүдийнхээ төлөө бодитой дуугарах хэрэгтэй. Нийгэм өөрчлөгдөх ёстой. Кэйс гарсан хойно хуулиа чангал, цаазаар ав гэж хашгирч хэлэхээс илүүтэй эрсдэл гарахаас өмнө сэргийлэх чухал. Хүүхэд хамгааллын ажил л дорвитой хийе.

-Ийм хэрэг гарахад нөлөөлөх хүчин зүйлс юу байна вэ?

-Ямар ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг бид судална. Нөгөө л хүүхдийг нь харах хүнгүй, айлд үлдээж ажил хийдэг. Ойр дотныхоо хүмүүст хүүхдээ харуулж байна. Залуу гэр бүлүүд салж байна, салалтаас болж үр хүүхэд нь хохирогч, гэмт хэргийн золиос болж байх жишээтэй. Салалтаас болж хойд эцэг эх гарч ирж байна.

 

 

Энэ бол мэдэгдсэн ганц кэйс шүү дээ. Гэтэл үүнээс өөр аймшигтай олон кэйсүүд байна. 3-7 жил хүчирхийлсэн байх. Хүчирхийллүүлсэн охидын 30 хувь нь жирэмсэн болсноос 5-10 насны охид 13 хувийг нь эзэлж байх жишээтэй. Бодоод үзэхээр яаж жирэмсэн болох вэ гэж бодогдоно. Уг нь боломжгүй юм шиг санагдах ч эрүүл мэндийн судалгаагаар хүний нас богиносч байгаатай холбоотойгоор охидын сарын тэмдэг эрт ирэх ч гэх юмуу. Ийм кэйсүүдээс бид нар аль нэгийг нь сонгохгүй. Харин нийгэмд хавтгайрч байгаа энэ асуудал юунаас болоод байна вэ гэдгийг уг суурьтай судалж үзэх хэрэгтэй байгаа юм. Зүгээр бүгдээрээ урьдчилан сэргийлье. Ямар нэгэн зүйлийг дэвэргэж сенсааци тарьж ярих биш, харин урьдчилан сэргийлэх гарц зам, шийдлүүдээ яръя.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.