| | USD/MNT 0₮

МОНГОЛБАНК: Оны сүүлчээр тэтгэврийн зээл нэмэгдээгүй

2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр 10 сая буюу түүнээс дээш үнийн дүнтэй тэтгэврийн зээл их хэмжээгээр гарч, зээлийн үлдэгдэл 100 гаруй тэрбум төгрөг давсан хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүн мэдэгдсэн. Тэгвэл уг мэдээллийг няцааж, Монголбанкнаас тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.1 хувиар буурсан хэмээн мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд "Банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.

Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэвэрийн зээлийн дүнг зурагт харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх оны 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм" хэмээлээ.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэг даалгавраар арилжааны банкууд тэтгэврийн зээлийг зогсоогоод байгаа юм.

ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2019 ОНД 18.1 ХУВИАР БУУРАВ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.