| | USD/MNT 0₮

Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд эхэлсэн байна. 

Өнөөдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.. Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргах ажээ. 

Хөвсгөл нуурыг хамгаалах үүднээс 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж байгаа ажээ. Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн бөгөөд тэрбээр "Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо.

Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ 2019 онд Засгийн газрын 33 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2021-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг арилгах ажлын хэсэг байгуулсан нь зарим талаар үр дүнгээ өгч байна" гэв. 

Өнөөдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.. Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргах ажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.