| | USD/MNT 0₮

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан МCS группэд цахим банкны зөвшөөрөл олгосон уу

Сүүлийн үед МСS групптэй холбоотой элдэв асуудал нийгэмд шуугиан тарилаа. Тухайлбал сайжруулсан шахмал түлшинд “Энержи ресурс” компанийнхаа угаасан хаягдал нүүрсээ шахаж, "Тавантолгой түлш" ХХК-иар хортой түлш үйлдвэрлүүлж, олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж, зургаан хүний аминд хүрлээ гэсэн шуугиан өндрөө авсан байтал, өчигдрөөcэхлэн дахин нэг ноцтой мэдээлэл гарах болов.

MCS групп бол Монголын ууган, томоохон компаниудын нэгдэл бөгөөд 1993 оноос эхлэн харилцаа холбоо, инженер техник, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт анхдагч болсон компани. Өөрөөр хэлбэл, энэ улсад эзэн суусан том группэд ганцхан дутуу зүйл юу байсан бэ гэхээр банкны салбар байна.

Тэгвэл Монголд цахим үйлчилгээ үзүүлэх МБанктай болох зөвшөөрлөө авсан гэх мэдээллийг өчигдөр жиргэсэн харагдав. Энэ нь бараг үнэний ортой аж. Энэ банкны зөвшөөрлийг хэн өгсөн бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татна. 

Хоёр хоногийн өмнө Монголбанкны захирлуудын зөвлөгөөний хурлаар дээрх банкны зөвшөөрлийн асуудал орсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Захирлуудын хурлаар шийдэгдэх асуудал. Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Асуугаад тодруулж мэдээлэл өгье" гэсэн юм. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэхүү Мбанкийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь өгсөн гэх. Сүүлийн үед түүнийг албан тушаалаас нь огцруулах асуудал хэд хэдэн удаа хөндөгдсөн. Нэгэнт суудлаасаа буух нь тодорхой болсон удирдлагын хувьд банкны зөвшөөрөл өгөөд буухад буруудаж хэн нэгэнд “алуулахгүй” болов уу.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд МCS групптэд тийм ч таатай биш гэдгээ шахмал түлшний асуудлаар ч илэрхийлсэн байгаа. Харин одоо МБанк нь байгуулагдвал яаж хүлээж авах бол. Мэдээж хамгийн түрүүнд зөвшөөрөл өгсөн Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцно. 

Тиймээс Н.Баяртсайхан албан тушаалаасаа буухаасаа өмнө энэ асуудлыг нь шийдвэрлэж өгчихөөд толгойгоо цавчуулсан ч хамаагүй гэж бодсон байхыг үгүйсгэхгүй юм.

"Эм си эс" групп банктай болбол Худалдаа хөгжлийн банк Голомт зэрэг арилжааны банкуудад сөрөг нөлөө үзүүлнэ. Зөвхөн охин компаниудынхаа дансыг татахад МБанк хөл дээрээ тогтчихно гэж банкны салбарынхан хэлж байна.

Тус групп бүх салбарт үйлчилгээгээ нэвтрүүлж, хүчээ авсан олон охин компани, олон мянган харилцагчтай. Тиймээс тэдгээр харилцагчид тус группийн банкийг сонгож, хадгаламжаа татаж, харилцаагаа таслахад дээрх банкууд хэцүүднэ. 

МCS групп цахим банк байгуулахаа гурван жилийн өмнө мэдэгдэж байсан. Тодруулбал, БНСУ-ын Кorean Telecom /КТ/ үүрэн телефоны оператор компанитай хамтран цахим банкны үйлчилгээ үзүүлдэг “Кэй банк” нь Монгол Улсын МCS групптэй хамтран цахим банк байгуулах болсноо 2018 оны наймдугаар сард мэдэгдсэн.

Өмнөд Солонгосын энэхүү хоёр компани Монголын МСS групптэй нийт 5.5 тэрбум воны хөрөнгө оруулалтын /12 тэрбум төгрөг/ гэрээг нийт таван жилийн хугацаатай байгуулжээ. Үүнээс гадна 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх аж.

Гэрээнд зааснаар БНСУ-ын талын хөрөнгө оруулагчид “MБaнк”-ийн эхлүүлэх төслүүдэд бизнесийн загвар боловсруулах, ноу-хау, зээлийн эрсдэлийн менежментийн системийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн системийг бий болгох төслийн хүрээнд хамтран ажиллах гэнэ.

“KT” компани нь цахим“Мбанк”’-ны өөрийн зээлийн онооны системийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч илэрхийлжээ.

Ийнхүү Монголд арилжааны цахим банкийг байгуулж, бусад жижиг арилжааны банкуудыг “арчих” зорилготой МSC группийн энэ банкны үйлчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрхэн хүлээж авах бол гэдэг нь сонирхол татаж эхлэв.

 

 

О.Гал 

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.