| | USD/MNT 0₮

Намын бүтэц, шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна гэв

"Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум: Төлөөлөл ба мөнгө" сэдэвт форум өнөөдөр зохион байгуулагдлаа.

КОЙКА олон улсын байгууллага, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, НҮБ-ын хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал ямар байна, эрх зүйн орчин, санхүүжилт, улс төрийн намуудын санаачлага, сонгогчдын хандлага, төсөөллийг дүгнэсэн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

Хэлэлцүүлэгт УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Х.Булгантуяа, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тэрбээр “1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хуулийг 2011 онд батлан хэрэгжүүлсэн. УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квот тусгаж өгсөн. Хууль эрх зүйн хувьд олон сайн зохицуулалт, хэм хэмжээг тусгаж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч тухайн хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах олон асуудал бий. 

Жишээлбэл, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хэр нь шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй. Мөн улс төрийн намуудын удирдах бүтцэд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй. Ганц МАН-ын дүрэмд л “намын бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Санал хураалтыг энэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна” гэж заасан байдаг. 

Үүнээс улбаалан Жендэрийн тэгш байдлын индексээр Монгол Улс нэлээд сүүл мушгиж байгаа. Тухайлбал, Дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын 2020 оны тайланд манай улс 153 орноос 71-р байранд орсон. Тайланд дурдсанаар, Монгол улс “Эрүүл мэнд, амьдрах чадвар”, ”Эдийн засгийн оролцоо, боломж” үзүүлэлтүүдээр эхний 40 улс дотор багтсан ч, “Улс төрийн эрх мэдэл”гэсэн үзүүлэлт хамгийн тааруу буюу 0,102 гэсэн индексээр 120-д явж байгаа юм. Үүнийг дагаад МУ-ын хүний хөгжлийн индексүүд, нийгмийн амьдралын индексүүд, авлигын индексүүдээр сүүл мушгиж байна.

Төлөөллийн хувьд шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн төлөөлөл их доогуур байдаг. 2020 онд УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь 17.1 хувь болсон ч дэлхийн дунджаас доогуур, Зүүн Ази, Номхон далайн бүсийн дунджаас маш доогуур байгаа юм. 

Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудаар хүйсийн тэгш байдлыг хангах зарчмын зохицуулалт байдаг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-д нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан байдаг. Гэвч сонгуульд өрсөлдөхөд зардал их учир одоогийн нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдэд ихээхэн бэрхшээл тулгардаг. Зарим улс төрийн нам нэр дэвшигчдээсээ дэнчин хэмээх мөнгө татдаг нь нэр дэвших хүсэлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн боломжийг хаасан.

Иймд Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулахдаа төрөөс Улс төрийн намд олгох санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, сургах ажилд зарцуулахаар хуульд тусгах нь зүйтэй. Мөн намын бүтэц, шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна” хэмээн онцоллоо.

"Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум: Төлөөлөл ба мөнгө" сэдэвт форум өнөөдөр зохион байгуулагдлаа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.